Анагаах ухаанд анх удаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгдлээ. АНУ-ын University of Maryland School of Medicine-ийн эмнэлгийн эмч нар өвчтөний амийг аврахын тулд генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ.
Туршилтын өндөр түвшинд хийгдсэн мэс заслаас хойш гурав дахь хоногт өвчтөний биеийн байдал сайжирч эхэлсэн гэдгийг эмч нар хэлжээ. Хэдийгээр өвчтөний бие сайн байгаа ч мэс засал бүрэн амжилттай болсон эсэхийг мэдэхэд эрт байгаа гэдгийг онцолсон байна.
Гэсэн хэдий ч амьтны эд эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах нь хүний амь аврах үйл ажиллагаанд амьтны эд эрхтнийг ашиглах олон арван жилийн “эрэл хайгуул”-ыг нэг алхам урагшлууллаа. Эмч нарын хүнд шилжүүлсэн суулгасан гахайн зүрх нь генийн өөрчлөлттэй амьтны зүрх нь хүний биетэй эсрэгцэлгүй ажилладаг гэдгийн нотолгоо болжээ.
Өвчтөн, 57 настай Дэвид Беннеттийн хувьд 7 цаг үргэлжилсэн мэс ажилбарын дараа ухаан оржээ. Дэлхийд анх удаа хэмээн тооцогдох уг мэс ажилбар үр дүнтэй байх баталгаа байхгүй гэдгийг өвчтөн Беннетт мэдэж байсан ч донор зүрх шилжүүлэн суулгах боломжгүй, өөр сонголтгүй байсан учраас гахайн зүрх шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн гэдгийг хүү нь сэтгүүлчдэд хэлжээ.
Даваа гарагт Беннетт шинэ зүрхнийхээ үйл ажиллагаанд “туслах”-ын тулд амьсгал дэмжигч аппаратны зэрэгцээ өөрөөрөө амьсгалж эхэлсэн байна. Өвчтөн Беннеттийн хагалгааны дараах эдгэрэлт, эмч нар түүний зүрх хэрхэн ажиллаж байгааг анхааралтай ажиглаж байгаа тул дараагийн хэдэн долоо хоног маш чухал өдрүүд юм.
АНУ-д шилжүүлэн суулгахад зориулж хандивласан хүний эд эрхтний асар их хомсдол нь эрдэмтдийг амьтны эд эрхтнийг ашиглах судалгаа, шинжилгээний ажлаа эрчимжүүлэхэд хүргэж буй. Өнгөрсөн жил тус улсад 3800 гаруй зүрх шилжүүлэн суулгасан нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр тоо боллоо гэж тус улсын эрхтэн солилцох нэгдсэн сүлжээ UNOS-оос мэдэгджээ.
"Хэрэв генийн өөрчлөлттэй амьтдын эд эрхтэнг донор эрхтэн болгох ажиллагаа амжилттай болбол зовж шаналж буй өвчтөнүүдэд донор эрхтнүүдийн төгсгөлгүй нөөц бий болно" гэж Мэрилэндийн Их сургуулийн “Мал, амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөр”-ийн захирал доктор Мухаммед Мохиуддин хэлсэн байна.
Гэвч ийм шилжүүлэн суулгах буюу ксенотрансплантаци хийх өмнөх оролдлого амжилтгүй болсон нь хүний бие нь амьтны эд эрхтэнтэй зохицохоос илүү ялгаж, харилцан үйлчлэлцэхээс татгалздаг онцгой байдалтай холбоотой. Амьтны эрхтнийг донор эрхтэн болгон авч хамгийн олон хоног амьдарсан гэх тохиолдол нь 1984 онд нярай Бэйби Фае бабуун сармагчны зүрх шилжүүлэн суулгуулан, 21 хоног амьдарсан явдал байсан юм.
Мэрилэндийн мэс засалчдын хийсэн энэ удаагийн мэс ажилбар генийн “засвар”-т орсон буюу генийг нь зориудаар өөрчилсөн гахайн зүрхийг ашигласан учир хүний бие донор зүрхийг ялгаж, татгалзалгүй хүлээн авсан байх магадлалтай гэнэ.
Биотехнологийн хэд хэдэн компани хүнд шилжүүлэн суулгах гахайн эд эрхтнийг боловсруулж, генийн түвшинд өөрчлөлт оруулан бэлдэж байгаа аж. Энэ удаагийн хагалгаанд ашигласан гахайн зүрхийг United Therapeutics-ийн охин компани Ревивикороос авчээ.
АНУ-д Ксенотрансплантацийн туршилтыг хянадаг Хүнс, Эмийн Захиргаа (FDA) нь амь насанд аюултай өвчтэй өвчтөнд өөр сонголт байхгүй тохиолдолд "энэрэнгүй хэрэглээ" гэж нэрлэгддэг яаралтай тусламжийн зөвшөөрлийн дагуу мал, амьтны эд эрхтэнг донор эрхтэн болгон шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг.
Энэ удаагийн хагалгааг гардан явуулсан доктор Бартли Гриффит таван жилийн турш гахайн зүрхийг 50 орчим бабуун сармагчинд шилжүүлэн суулган, туршилт шинжилгээний ажил хийсэн аж.