Орон нутгийн цагаар 22:40 цагийн орчимд БНСУ-ын Цэргийн хилийн шугамаар хойд зүг рүү чиглэн явж буй үл таних этгээдийг олж харсан байна. Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, хилийн зурвасын дагуу суурилуулсан хяналтын төхөөрөмж хил зөрчигчийг илрүүлснээс хойш 80 минутын дараа шуурхай ажиллах баг гарчээ.
Хил зөрчигчийг хэн болохыг тогтоогоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа гэж албаныхан мэдэгдэв. Орон нутгийн цагаар 21:20 цагийн орчимд хоёр Солонгосыг тусгаарладаг Цэрэггүй бүсэд (DMZ) хил зөрчигч этгээдийг илрүүлсний дараа цэргийн эрх баригчид тухайн этгээдийг баривчлахаар хэргийн газар руу цэргээ илгээсэн боловч олоогүй аж.
БНСУ-ын Хилийн албаны нэрээ нууцалсан албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ "Газарзүйн янз бүрийн нөхцөл байдал, тэр дундаа уулын газар нутгаас шалтгаалан бид хил зөрчигчийг барьж чадаагүй" гэжээ.
Хяналтын ажлын явцад холбогдох албаныхан 18:40 цагийн орчимд өргөст торыг нэвтлэн цэрэггүй бүс рүү орох гэж байсныг хяналтын төхөөрөмж ашиглан олсон байна. Энэ нь БНСУ-ын хилийн алба хил зөрчигч этгээдийг бараг гурван цагийн дараа л мэдэж авсан гэсэн үг юм. Хил зөрчсөн этгээд Өмнөд Солонгосын иргэн үү эсвэл Хойд Солонгосын дүрвэгч үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын эрх баригчид барууны цэргийн холбооны шугамаар энэ үйл явдлын талаар Умард руу мессеж илгээсэн гэж албаны хүн мэдэгдэв.