Хүйтний эрч чангарч буй энэ үед иргэдийн машин хөлдөж асахгүй байх тохиолдол их гардаг. Ийм тохиолдолд машинаа хэрхэн асаах, автомашинаа хөлдөөхгүй байхын тулд анхаарах хэрэгтэй зүйлсийн талаар авто инженер Б.Анандаас тодрууллаа.
Тэрбээр, “Өвлийн нөхцөлд машин саадгүй асах ёстой. Өвлийн үйлчилгээ заавал хийсэн байх хэрэгтэй юм. Өвлийн үйлчилгээнд хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнийг зайлшгүй сольсон байх нь зүй. Тэгж байж хөдөлгүүр өглөө асаахад хэвийн асдаг. Өвлийн тосны хувьд маш шингэн байх ёстой. Учир нь иргэд машинаа хүйтэнд гадаа хонуулдаг. Шөнөдөө хасах гучин градус гардаг шүү дээ. Тэгэхээр өвлийн нөхцөлд тос өтгөрч царцдаг. Маш шингэн царцалт багатай, хасах градус өндөртэй тос хэрэглэх нь зөв гэсэн үг.
Тэгэхээр, нэгдүгээрт, өвлийн тосоо заавал солих. Хоёрдугаарт машин асаахад арбитрын шингэн буюу хөргөлтийн шингэн гэж бий. Түүнийг мөн заавал сольсон байх ёстой.
Ихэвчлэн гаднаас орж ирж байгаа машинууд хасах хорь, хорин таван градустай байдаг. Тэр нь шөнөдөө гучин градус гараад ирэхээр хөлдөх царцаж зайрмагтах эрсдэл гардаг. Улмаар машин халахгүй асалт нь удааширна. Тиймээс тухайн машиныг орж ирсэн даруйд нь шалгуулаад солих шаардлагатай.
Анхлан асаахад гол үүрэгтэй зүйл бол машины аккумулятор. Энэ нь цэнэг сайн, хүйтэнд асах чадал өндөр байх ёстой. Чадлаа мэдэхийн тулд аккумлятороо шалгуулах нь зүй.
Дараагаар нь сэвчээ холимгийн хаалт чухал. Манайхан ихэвчлэн машинаа гадаа тавьдаг. Үүнтэй холбоотой онцлох бүтээгдэхүүн гэвэл, машинаа таван зуун метрийн зайнаас асаадаг асаалтын систем гэж байгаа. Өглөө хүйтэн машинаа гэрээсээ гарч асаагаад, гадаа тав арван минут нормалдаж зогсох биш, гэрээсээ машинаа асаах тийм боломжтой гэсэн үг. Шууд дулаан машинд суугаад явна.
Энэ бүтээгдэхүүн нь хүйтний температур мэдэрч асна. Цагийн тохиргоогоор асна. Жолооч өөрөө хүсвэл удирдлагаараа асаана. Алсаас асаадаг тийм тохиолдлын системүүд байгаа” гэв.