Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо. 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан.
Энэхүү барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй бөхчүүд хүч үзлээ.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Б.Бат-Өлзий нар үзүүр, түрүүнд үлдэж, Б.Бат-Өлзий харцага долоо давснаар түрүүллээ. Улсын гарьд М.Бадарч зургаа даван үзүүрлэсэн юм. Улсын харцага Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртэж, хадгалан үлдэх гурав дахь хүн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилдааны шагнал болох шилжин явах цомыг гардууллаа.