Энэ сарын 25-нд Мишээл экспо дахь Байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнд “Мөсөн хотхон”-ы нээлт боллоо.Энэхүү “Мөсөн хотхон”-ыгХУД-ийн Засаг даргын тамгын газраас санаачлан байгуулсан юм.
Мөсөн дээр тоглох нь ковидын дараах үед эрүүл мэндэд ашиг тустай байдаг учраас энэхүү хотхоныг барих болсон талаар ХУД-ийн тохижилт хариуцсан орлогч дарга С.Сайнбаяр хэлж буй.
Тэрбээр, “Бид шинэ оноо угтаж байна. Энэ цаг үед хүүхэд багачуудынхаа сэтгэл санааг өргөж, иргэдийнхээ эрүүл тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг гаргасан. Ингэхдээ хувийн хэвшилтэйгээ хамтран өнөөдрийн мөсөн хотхоныг байгууллаа. Ковид нь хүний уушгийг их гэмтээдэг. Цэвэр агаар маш сайн эмчилгээ болно. Мөсөн дээр тоглох, модон дунд агаарт тоглож наадах нь эрүүл мэндэд маш их ач тустай талаар эрдэмтэд хэлж байгаа. Энэ хүрээнд үүнийг байгуулсан” гэлээ.
Харин Байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг,
“ХУД-ээс санаачлан ААН-үүдэд уриалга гарган, эрүүл цэвэр агаарт, хүүхдүүд гэр бүлээрээ ирэх боломжтой мөсөн хотхоны нээлт боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд ХУД-ийн хүнсний болон худалдаа борлуулалтын 81 компанийн хувь нэмэр орсон. Хүүхдүүд гэр бүлээрээ ирэх юм бол цаа буга, морин чарга уналга, хүүхдийн одой морины уналга гэх мэтчилэн олон хөгжилтэй хөтөлбөрүүд бий. Гадаа хүйтэн байна. Гэвч манай энд гурван гэр байгаа. Гурван гэрт та бүхэн амсхийж дулаацах боломжтой. Халуун аарц чацаргана ууж, агаарт алхаж эрүүл мэндээ дэмжээрэй гэж хэлмээр байна. Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн нь танин мэдэхүйн мэдлэг олгодог. Тийм учраас энд үндэсний хувцсаа сольж өмсөөд зургаа авахуулах боломжууд байгаа” гэв.