Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн гурван гишүүн коронавирусийн халдвар авсан талаар тус хамтлагийн менежмэнтийг хариуцдаг "Big Hit Music" агентлаг мэдээллээ.
Баасан гарагт тус хамтлагийн гишүүн Suga халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл Бямба гарагийн орой RM болон Jin нар нэмж өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогджээ.
Гурван гишүүн бүгд энэ оны наймдугаар сард ковидийн эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагджээ.
Агентлагийн мэдээлснээр, RM-д ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Jin хөнгөн халуурах зэрэг шинж тэмдэг илэрч, гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт ковидийн халдвар илэрсэн Suga-д өвчний шинж тэмдэг илрээгүй, эрүүл мэндийн байгууллагуудын зааврын дагуу гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа гэж мэдэгдэв.
RM хувийн хуваарийн дагуу энэ сарын эхээр АНУ-аас буцаж ирсний дараа шинжилгээ нь сөрөг гарсан байна. Гэвч тэрээр өөрийгөө хорио цээрийн дэглэмээс гарахаас өмнө коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон гэж тус агентлаг мэдэгдэв.
Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан K-pop oдод АНУ-д хувийн зорилгоор зорчсоныхоо дараа эх орондоо саяхан буцаж ирцгээсэн юм. Тиймээс хамтлагийн гишүүд АНУ-д байхдаа халдвар авсан байж болзошгүй гэнэ.
2013 онд байгуулагдсан BTS хамтлаг дэлхийн хөгжмийн зах зээлд хамгийн өндөр амжилт гаргасан K-pop уран бүтээлчид болоод байгаа. 2020 онд тус хамтлагийн дуунууд Billboard Hot 100 жагсаалтад гурван удаа тэргүүлж, нэр хүндтэй олон шагналыг хүртсэн билээ.
Эх сурвалж: Associated Press