Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын үүдэнд хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины ээж болон өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.
Охины ээж Ш.Булганням "Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа.
Саяхан дүүргийнхээ эмнэлэгт үзүүлсэн. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Архангай аймгийн таван эмч үзээд урагдал байна гээд, Аймгийн шүүх эмнэлэгт хоёр эмчид үзүүлэхэд ч урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэлээ.
Надад хэргийн материалыг танилцуулахгүй, охины маань хууль ёсны төлөөлөгч болгохгүй байгаа. Би охиныхоо төлөө тэмцэнэ. Энэ бол миний охины асуудал. Түүнээс эд хөрөнгийн ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг хэлье" гэлээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох "Энэ хэрэг Архангай аймагт гарсан. Хүүхдийг аймгийн эмнэлэгт үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Улмаар цагдаад хандаж, шинжээч томилуулахад мөн урагдалтай гэж дүгнэснээр Сонгинохайрхан дүүрэгт харьяалал тогтоон шалгуулахаар болсон. Гэтэл гэмт хэрэг биш гэж үзэн, Архангай аймгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргуулсан юм. Ингэхэд урагдалгүй гэж гарсан тул маргааныг таслахын тулд дахин шинжээч томилж, онгон хальс нь бүтэн гэж үзээд байгаа.
Дээрх хоёр дүгнэлт нь эргэлзээтэй байсан тул дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд Архангай аймгийн дүгнэлттэй яг адил зүйл хэлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хоёр дүгнэлт ийн эргэлзээтэй байгаа тул Мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъект шалгадаг газарт шалгуулна.
Мөн охины ээжийг хохирогчоор буюу хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнг томилсон.
Охины ээжийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн учраас хууль ёсны төлөөлөгчөөр томилохгүй байгаа. Нөхөр нь хэргийн холбогдогч болсон. Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь орон байртай холбоотой. Орон байрыг нь иргэний журмаар шүүхийн шийдвэр гараад хоёр өрөө байрыг нөхөр нь авсан юм байна лээ" гэдэг тайлбарыг өглөө.