Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгох асуудлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнө боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос эсэргүүцэн УИХ, Засгийн газарт шаардлага тавиад буй.
Үүнтэй холбогдуулан тус холбоодоос мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Албан хаагчдын ажлын байрны баталгаа, цалин хөлс, нийгмийн асуудал, урамшууллыг төрд хэвээр байлгах хатуу шаардлага тавьж байна. Хэрэв УИХ-аас тодорхой шийдэл өгөхгүй бол Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод байгаа ажилчид дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ. Бидний шаардлагад арванхоёрдугаар сарын 25-ны дотор хариу өгөх ёстой. Шийдвэр гаргагчид шинэ он гарахаас өмнө ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдыг хувийн хэвшилд шилжүүлэх тухай хуумгай шийдвэрээ эргэн харж, бэлэг барих байх гэж найдаж байна.
МҮЭХ 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогоо зарлаж байна. Бид Монголчуудынхаа ажил хөдөлмөр, амьдралын чанарыг хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэгт хариулт өгөх зорилготой бодлого зангидлаа. МҮЭХ баялгын шударга хуваарилалтыг бий болгох, тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ гэсэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод манлайлж ажиллана. Ингэхдээ цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахинаас доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилт тавьсан" гэв.