Филиппин улс “Супер хар салхи Рай” хэмээн нэрлэгдсэн хар салхины улмаас ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Хүчтэй аадар бороо, үерийн гамшиг дагуулсан Рай хар салхи Пүрэв гарагаас эхлэн Филиппиний зүүн эргийн аялал жуулчлал, серфингийн төв болсон Сиаргао арлаас эхэлжээ. Сиаргао арлыг анх дайрсан Рай хар салхины хүч 5 дугаар ангиллаас эхлэн, төв рүү нүүхдээ 3 дугаар ангилалд хүртлээ суларсан юм. Анх 260 км/цагийн хурдтай байсан хар салхи заримдаа ширүүсч 300 км/ц хүрч Себү хотыг дайран өнгөрчээ.
Рай хар салхи Суригао дел Норте мужийг бүхэлд нь, Суригао дел Сур мужийн зарим хэсгийг, Бохол болон Агусен дел Сур хотыг бүхэлд нь дайран гарчээ.
Хар салхины улмаас Филиппиний хэд хэдэн мужид харилцаа холбоо, цахилгаан тасарсан нь аврах ажиллагааг хүндрүүлсэн байна. Албаныхан харилцаа холбоо, цахилгаан тасалдлын улмаас гарсан хохирлын хэмжээг удахгүй тодорхойлон гаргах аж.
Гол бүлэг арлууд болох Висаяс болон Минданао мужид 30 гаруй цахилгаан дамжуулах шугам тасарсан бөгөөд зөвхөн Висай аралд 20 сая гаруй хүн амьдардаг учир хохирлын тоо хэмжээ их гарах төлөвтэй байна.
Рай хар салхи Вьетнам улс, БНХАУ-ын Хайнан мужуудад нөлөөлж хүчтэй аадар бороо оруулж байгаа ч газар нутгаар нь дайрахгүй учир Филиппинд учруулсан хэмжээний хохирол учрахгүй гэнэ.
Филиппин улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд Рай хар салхины улмаас 198 000 хүнийг Засгийн газрын хамгаалах байранд нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
Өнгөрч буй долоо хоногийн эхээр тус улсад аадар бороо орж эхэлсэн тул хар салхины аюулаас урьдчилан сэргийлэх нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн учир хүний амь нас эрсдээгүй байна.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын хямрал нь хар салхины циклоныг улам эрчимжүүлж байгаа бөгөөд Филиппин бол дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хамгийн “эмзэг”-ээр мэдэрч буй улсуудын нэг юм.