10 настай Б.Дүүрэнбаяр хүү тавдугаар ангид суралцдаг. Тэрбээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөл нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд цусны цочмог хавдар гэх онош тогтоогджээ. Тав хоног тасралтгүй эмчилгээ хийлгэж, химийн эмчилгээнд хүртэл орсон боловч Дүүрэнбаяр хүүгийн биеийн байдал сайжраагүй, маш хурдан турж эцэн 10 килограмм хасаж царай нь цонхийж хүнд өвчиндөө шаналах болжээ.
Химийн эмчилгээ, тарианы хордлого өгч амаар нь юм гарсан. Тиймээс хоол цай идэж уухад ч хэцүү болсон байна. Амныхаа зовуураас болоод 14 хоног 24 цагийн турш морфин тариатай байсан.
Том болоод нисгэгч болохыг хүсдэг Дүүрэнбаяр хүүгийн эмчилгээний зардалд 500 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Цусны цочмог хавдар Монголд эмчлэгдэх боломжгүй тул аргацаах эмчилгээ хийгдэж улам бие нь дордож байгаа аж. Хүүгийн өвчин гадаад улсад эмчлэгдэх боломжтой. Хамгийн боломжийн хямд зардалтайгаар Турк улс эмчлэх боломжтой гэж хариу хэлжээ.
Б.Дүүрэнбаяр "Би цусны хорт хавдрын өвчтэй. Хандивын аян явуулж байгаа. Балны хандивын аян. Тэгээд энэ балуудаас аваад надад туслаарай хүмүүсээ. Би заавал эдгэмээр байна. Би эхэндээ хорт хавдар гэж мэдээгүй. Зүгээр л нэг энгийн өвчин гэж бодсон. Тэгээд хорт хавдар гэж мэдсэнийхээ дараа гэнэт л эвгүй болсон. Эрүүл болчхоод намайг эмчилсэн эмч нар, хандив өгсөн хүмүүс, тэгээд бас энэ балнаас худалдаж авсан хүмүүстээ баярлалаа гэж хэлнэ. Надтай адилхан ийм өвчинтэй тэмцэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Би тэр хүмүүст хандив өгнө. Хандив өгч байгаа бүх хүмүүстэй баярлалаа. Тэгээд хандивын аяны балнаас минь худалдаж аваарай. Миний хандивт туслаарай" гэж хэллээ.
Харин түүний ээж Б.Оюун-Эрдэнэ "Хүү маань есдүгээр сарын 20-д хавьцаанаас хөл өвдлөө гэсэн. Өмнө нь ч гэсэн нэг хоёр хоног хөл өвдлөө гээд тэр үед манайхны ярьдгаар хүүхэд том болох гээд хөл нь жоохон өвддөг юм миний хүү гээд л өнгөрсөн. Гэвч нэлээн хэд хоног өвдөөд яваад байхаар нь бид хэдэд зовуур нь арай л удаад байх шиг санагдаад мэдрэлийн эмчид үзүүлсэн. Тэгсэн мэдрэл талаасаа асуудал байхгүй байна. Тэгээд гурван гал эмнэлэгт очсон чинь та нар 13А аваад эх нялхаст үзүүл гээд цаг авсан. Бас тав, долоо хоногийн дараа цаг олдсон. Тэгээд очоод үзүүлсэн. Үзүүлэхдээ хөл өвдөж байна гэсэн шалтгаанаар очсон учраас ясны эмч нь үзлэг хийгээд ямар нэгэн үрэвсэл юм байхгүй байна. Зүгээр эрдсийн шинжилгээ өгөөд үз гээд явуулсан. Тэгэхээр нь ерөнхийдөө тайвширчихсан. Мэдрэлийн талаас юм байхгүй. Эх нялхсын эмч нь бас ямар нэгэн үрэвсэл асуудал байхгүй гэсэн учраас кальци Д-ийн шинжилгээг нь очоод өгсөн чинь нээх их дутагдал гараагүй.
Тэгэхээр нь тайвширчхаад гурав, дөрөв хонож байтал нэг өглөө өндөр халуурсан. Эхлээд халуурахад нь халууны эм өгөөд халууныг нь жоохон дарчихсан байсан. Орой нь дахиад халуурахаар нь дүүргийн хүлээн авах дээр очоод тэнд нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд жижүүр эмч яаралтай эх нялхас руу яваарай энэ асуудалтай байна. Шинжилгээ нэлээн асуудалтай гарлаа шүү гээд тэгээд эх нялхас дээр очоод ерөнхийдөө маргааш өглөөнөөс нь эхлээд янз бүрийн ясны, химийн нарийн шинжилгээнүүдийг өгөөд онош тодорсон. Бид хоёр эх нялхаст очиж хэвтээд 50 хоног эмчилгээ хийлгэж байгаад гарсан гэв.
Тэрбээр үргэжлүүлэн "Манай Монголын эмч, асрагч, ажилчид чадлаараа л хичээж зүтгэж байна. Зүгээр л манай улс орон л болохгүй байна. Чанартай эм тариа алга байна. Нарийн генетикийн хэмжээнд шинжилж чадах нарийн шинжилгээний лаборатори, аппарат юу ч байхгүй. Тэгээд ерөнхийдөө бүх л хүмүүсийг таарах нь таараад таарахгүй нь таарахгүй гээд нэг л эмчилгээгээр шийдчихдэг. Генетикийн нарийн шинжилгээ хийдэг, тухайн хүнийхээ бие организмд таарсан эмчилгээг хийх юм бол хүндрэл багатай зохицол илүү сайн байдаг. Манайд бол тийм боломж нь үнэндээ алга. Одоо ерөнхийдөө хүний дархлааны цагаан эсүүд нь уначихдаг юм байна. Ямар ч дархлаагүй болсон хүн ойлгомжтой. Гаднын ямар ч халдвар, юуг ч хүлээж авахад бэлэн болчихдог. Ямар ч өөрийн хүч чадалгүй сул дорой болчихсон байна. Дээр нь цусны бүлэгнэл нь байхгүй болоод зүгээр нэг шалбарсан ч гэсэн цаанаасаа цус алдаад тогтохгүй байх тийм эрсдэлтэй. Амаар нь юм гарсан учир нь хими тарианы хордлого өгч байгаа байхгүй. Хүүхдүүдийн ам гэмтдэг. Тэгээд бид хоёр амаа гэмтээчихгүй гээд их л хичээгээд зүтгээд байнга арчиж цэвэрлээд, зүлгээд байсан ч хүчтэй тарианы хордлогыг дийлдэггүй л юм байна. Гарах гарахдаа нэлээн хүнд, амаар нь битүү гарсан учраас одоо хоол цай ч идэж уухад хэцүү болоод зовуур маш ихтэй. Амныхаа зовуураас болоод 14 хоног 24 цагийн турш морфин тариатай байсан. Одоо бидний хувьд цаг алдах боломжгүй, мөнгө бүрдэхийг хүлээх юм бол маш хэцүү. Турк талтайгаа ярьсан. Эхний ээлжид хагас дутуу ч болтугай мөнгөө барьж очоод эмчилгээгээ эхлүүлж болох уу гэсэн чинь болно гэсэн учраас бид хэд хоногоос явах санаатай байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Бууж өгөхгүй. Заавал ялна. Хоёулаа Турк явчхаад эргээд ирнээ гэж хүүтэйгээ ярьдаг.
ХААН БАНК: 5075213018 Б.ОЮУНЭРДЭНЭ
Холбогдох утас: 96661863 99082122