Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны уламжлалт өдрүүдийн нээлт өнөөдөр Баяжуулах үйлдвэр дээр боллоо. Энэ удаагийн найрамдлын өдрүүд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон “Орос мэргэжилтнүүдийн ногоон төгөл” байгуулах санаачилга гарган, төгөлдөө анхны модоо тарив. Мод тарих үйл ажиллагаанд Баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд, шинээр ажилд орсон залуу ажилтнууд оролцлоо. Мөн тус цехээс найрамдлын өдрүүдийн хүрээнд “Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил-Эрдэнэт үйлдвэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, Орос мэргэжилтнүүдийн дунд “Миний мэдэх Монгол орон” гэрэл зургийн уралдаан, “Бидний хөрш ОХУ” орос дуу, шүлгийн өдөрлөг зэрэг олон талт ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Манай улс Монгол-Оросын найрамдлын сарыг 1952 оноос анх зохион байгуулж ирсэн бол 2010 оноос хоёр орны “Найрамдлын өдрүүд” нэртэйгээр тэмдэглэх болсон юм. Хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр сүндэрлэн боссон Эрдэнэт үйлдвэр эл өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн хувьд ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан уламжлалт арга хэмжээ зохион байгуулж, орон нутаг болон үйлдвэрийн хэмжээнд болох үйл ажиллагаанд уурхайчдаа оролцуулах, шагнаж урамшуулахаар төлөвлөсөн гэж Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Т.Тунгалагтамир ярилаа.