Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 61 дэх жилийн үйл ажиллагаа Эрдэнэт хотод үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол, Оросын найрамдалт түүхэн хамтын ажиллагааг илтгэсэн баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн Соёл, урлагийн цогцолборт өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн түүхэн баримт бичиг, “Марканд мөнхөрсөн найрамдалт хамтын ажиллагаа”, Москвагийн радио сонсогчдын клубын идэвхтэн гишүүдийн цуглуулга, Эрдэнэт үйлдвэрийн орос мэргэжилтнүүдийн “Монгол орон миний нүдээр…” цомог, жил бүрийн найрамдлын сарын ажлын хүрээнд зохион байгуулсан үйл явдлын гэрэл зүраг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс 12-р сарын 03 хүртэл хугацаанд үргэлжлэх юм. Энэхүү цогцолбор үзэсгэлэнд Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газраас ирүүлсэн түүхийн ховор, нандин баримт бичиг, гэрэл зургийн хамт дэлгэсэн нь онцлог байлаа. Тухайлбал, Богдын Засгийн газрын төлөөлөгч сайн ноён Намнансүрэнгийн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нар Зөвлөлтийн Засгийн газартай байгуулсан гэрээ, 1941-1945 онд Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид тусламж үзүүлсэн баримт, түүнийг хүлээн авч, харьяа улсууддаа хуваарилсан захирамж, 1945 оны Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн том гурван гүрэн болох Англи, Америк, ЗХУ хүлээн зөвшөөрсөн баримт бичиг зэргийг энэ үзэсгэлэнгээр анх ил гаргалаа. Түүнээс гадна нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт үйлдвэр байгуулах гэх мэт Монголын хөгжлийн чухал үеийн түүхэн баримт бичгүүдийг, гэрэл зургийн хамт дэлгэжээ. Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагаа Эрдэнэтчүүдэд, цаашлаад Монголын ард түмэнд ямар үр нөлөө үзүүлснийг сурталчлан таниулахад үзэсгэлэнгийн гол зорилго оршиж байна гэж Монгол, Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу ярилаа.
М.Одгэрэл
Фото: Ш.Лхамсүрэн