Өнгөрсөн баасан гаргаас эхлэн Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор тээвэрлэлт хэвийн үргэлжилсэн. Хил нээгдсэн учраас Замын-Үүд дэх Гаалийн газар өчигдрийн 20:00 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Өчигдөр гаалийн хилээр уул уурхайн 10, суудлын 16, нийт 26 тээврийн хэрэгсэл хүлээн авч, гаалийн хяналтын бүсийн хяналтад оруулсан байна.
Автомашинууд хилээр гарах явц удаашралтай байгаа юм. Учир нь нэг сар гаруй хугацаанд асаагаагүй автомашинууд асахгүй байх, зарим нь түлш нь дууссан зэрэг хүндрэл гарсан. Ассан автомашинуудыг хурдан хугацаанд шууд гаргаж байгаа юм байна.
Эхний ээлжинд Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.
Эхлээд эдгээр автомашинуудыг оруулж байж чингэлэг тээвэр хийнэ гэж хоёр тал тохиролцсон. Тохиролцсоны дагуу тээвэрлэлт явж байна. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50-иар гаргахаар төлөвлөсөн. Энэ дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.