Парисын ойролцоох Бьювал амьтны хүрээлэн өчигдөр буюу бямба гарагт шинэхэн гишүүдээ нийтэд үзүүллээ. Тус хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн ихэр бамбарууш Хуанлили, Юандуду нар өнгөрсөн наймдугаар сард мэндэлжээ. Тэдний ээж Хуан Хуан, аав Юань Зи-г БНХАУ-Франц улсын хооронд найрсаг харилцаа тогтоох зорилгоор 10 жилийн хугацаатай зээлээр авчирсан юм.
Хуанлили, Юандуду нэртэй ихэр бамбаруушнууд нь 2017 онд Францад төрсөн анхны хулсны баавгай Юан Мэнгийн дараа мэндэлж буй хоёр дахь үеийн хулсны баавгайнууд аж. Бамбаруушууд Бьювал амьтны хүрээлэнд хэдэн жил болсны дараа эцэг, эхийн хамт эх орондоо буцна.
Францын хөл бөмбөгийн од Килиан Мбаппе, Хятадын усанд шумбалтын спортын олимпийн аварга Жан Жиаки нар арваннэгдүгээр сард болсон ёслолын үеэр ихэр бамбаруушнуудын загалмайлсан эцэг, эх болжээ.
Хятадад 1800 орчим хулсны баавгай байгальд амьдардаг бол дэлхийн бусад оронд ердөө 500 орчим хулсны баавгай байдаг.
Хятад улс найрсаг харилцааны үндсэн дээр дипломат харилцаатай улсуудад хулсны баавгайгаа амьтны хүрээлэнд нь зээлдүүлдэг болсоор удаж буй. Хятадын “Албан бус сахиус” хэмээн нэрлэгдэх болсон хулсны баавгайг нь амьтны хүрээлэндээ түр хугацаанд амьдруулсан улсуудын тоонд Япон зэрэг өндөр хөгжилтэй улсууд цөөнгүй бий.