АНУ-ын Кентаки мужийг энэ сарын 10-нд дайран гарсан хүчтэй хар салхины улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр 70-д хүрчээ.
АНУ-ын төв, өмнөд мужуудад нүүрлэсэн гэнэтийн, маш хүчтэй хар салхины улмаас байшин барилга сүйдэж, автомашинууд хийсч, салхинд шидэгдэж байсан гэнэ. Кентакки мужид тохиолдсон хамгийн хүчтэй, олон хүний амь насыг авч одлоо гэж тус мужийн амбан захирагч Энди Бешар мэдэгдлээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа учир нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа бөгөөд хамгийн их хохирол амсаж, олон хүнийг хамарсан аюул учирсан хэсэг нь Мэйфилд хотын лааны үйлдвэр болоод байна. Уг үйлдвэрт хар салхины үеэр 100 гаруй хүн ажиллаж байсан аж. Тиймээс нуранги доороос нь олон хүний цогцос нэмж гарч болзошгүй гэдгийг албаны хүмүүс хэлжээ.
Байгалийн гамшигт үзэгдлийн талаар өчигдөр буюу бямба гарагт мэдээлэл авсан Ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн аврах ажиллагааны багт дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдээд амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн юм.
Гэнэтийн хар салхи зөвхөн Кентаки биш хөрш зэргэлдээ Миссоури, Арканзас, Теннеси мужуудийг ч дайран гарч багагүй хохирол учруулсан юм. Мөн хөрш Иллинойс мужид тхар салхины улмаас 5 хүн амиа алдсан гэсэн харамсалтай тоо гарчээ