Олимпын аварга Н.Түвшинбаярын хэрэг өчигдөр шүүхэд шилжжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн байна. Хэргийн талаар эргэн сануулахад, Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан.
Н.Түвшинбаярын хувьд өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байсан. Гадуур байцаалт өгөх хугацаандаа тэрбээр Монголын үндэсний олимпийн хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдэж, түүний нарийн бичгийн дарга олимпийн хорооны тамгыг авч зугтсан хэрэг гарсан. Гэвч МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн юм. Удалгүй Н.Түвшинбаяр авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.
Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хориглосон юм.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэхээр онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.