Өнгөрсөн Аравдугаар сард Гаитийн гудамжны бүлэглэл АНУ-ын 17 иргэнийг хулгайлж, барьцаалсан. Тэгвэл Охайо мужид төвтэй Христийн сүмийн номлогчид өнгөрөгч ням гарагт барьцаалагдсан хүмүүсийн гурвыг суллан авчээ. Өнгөрсөн сард эхний хоёр хүнийг сулласан бол энэ сард ахин гурвыг суллаж чадлаа. Суллагдсан хүмүүсийн бие болон сэтгэл зүй хэвийн байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Үлдсэн 12 хүнийг суллахын төлөө ажиллах болно гэдгээ ч мөн онцолжээ.
Номлогчдын зүгээс суллагдсан хүмүүсийн нэр болон бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Болсон явдлын талаар сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 16-нд АНУ-ын Христийн сүмийнхэн Гаитид хүмүүнлэгийн ажил хийж явахдаа баазаасаа 920 минутын зайд байрлах асрамжийн газарт зочлоод буцах замдаа нутгийн Мавзо бүлэглэлийнхэнд хулгайлагдсан юм. Хулгайлагдан барьцаалагдсан 17 хүний 16 нь АНУ, нэг нь Канад улсын иргэн аж. Тэдний дунд 5 сартай хүүхдийг багтаагаад 5 хүүхэд бий.
Мавзо бол нутгийн эрсээс бүрдсэн гэмт хэргийн бүлэглэл. Тэд хүн хулгайлах, барьцаалах, хулгай дээрэм, хүн амины хэрэг үйлддэг гэдгээрээ зард гарчээ. Христийн сүмийнхнийг барьцаалсныхаа хариуд 1 сая ам.доллар нэхсэн Мавзо бүлэглэлийн удирдагч хүссэн мөнгийг нь өгөхгүй бол барьцаанд байгаа бүх хүнийг буудан хорооно хэмээн заналхийлж байгаа юм.
Уг асуудалд АНУ-ын Төрийн департаментын ажилтнууд, Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Гаитид ажиллаж, барьцаанд орсон хүмүүсийг суллахаар ажилласаар байна.
Карибын тэнгисийн улс нэг хүнд ногдох хүн хулгайлах гэмт хэргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Мавзо бүлэглэл нь өмнө нь ч мөн хүмүүнлэгийн ажил хийдэг шашныхныг барьцаалж байсан аж. Тус бүлэг гадаадын иргэдийг хулгайлсан нь тус улсын аюулгүй байдал улам бүр дордож, бүс нутгийн үр дагаварт хүргэж болзошгүйд анхаарлаа хандуулах хэрэгтэйг шинжээчид анхааруулсаар байгаа билээ.