“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт бүтээл болох “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” кино өчигдөр нээлтээ хийлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн энэ киног тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтээсэн. Зураг авалтаа гурван улирлын турш хийж, жил дамнаснаараа онцлог.
Тулаант, эпик уран сайхны кино нь Өгөдэй хааны угсааны, гоо үзэсгэлэн, хатан зоригоороо өрнө дорнын түүхэнд мөнхөрсөн Хотулун гүнжийн тухай бүтээл юм. Италийн аялагч Марко Пологийн тэмдэглэлд бичигдсэнээр Netflix-ийн Marco Polo кинонд гардаг, Чингис хааны угсааны хүчирхэг, үзэсгэлэнт Хотулун гүнж алдагдсан алтан судраа эргүүлэн авчрах тэмцлийг "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" кинонд үзүүлнэ.
Түүхэн сэдэвт киноны гүнжийн дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор, Хайду хааны дүрд жүжигчин О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид жүжигчин С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.
Киноны эх зохиол шидэт реализмын хэлбэрээр бичигдсэн тул кино тулаант, эпик төрлөөр бүтээгдсэн. Хөгжмийн зохиолчоор Ц.Байдраг, киноны Ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, зураглаачаар Г.Бат-Ирээдүй, эвлүүлэгч графикч Б.Чинзориг, ерөнхий зураач Л.Батбилэг, тайзны ерөнхий зураач Н.Батжаргал, дууны найруулагч С.Нэргүй, нүүр будагч Б.Эрдэнэчимэг нар ажилласан байна.