Өрөг.мн сайт 11-р сарын 15-нд Рио Тинто компаниас ярилцлага, мэдээлэл авах нээлттэй хүсэлт тавьсан ба хүсэлт тавьсныхаа дараа мэдээлэл авах гэж Рио Тинтогийн монгол дахь оффист нь ч очсон юм. Гэвч хүсэлт ажил хэрэг бололгүй өдийг хүрч, гурав дахь долоо хоног өнгөрч байна. Тиймээс бид РИО ТИНТОГООС мэдээлэл авах хүсэлтээ ахин бичгээр уламжилж, хүсэлтээ Рио Тинто компанийн Хэвлэл мэдээлэл, oлон нийтийн харилцааны Ерөнхий зөвлөх Э.Нарантунгалагт өглөө.
Хүсэлтийг монголын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дэмжиж, нэгдэн РИО ТИНТОГООС мэдээлэл авахаар нийт найман сайт, телевиз хандаад байгаа юм.
Өмнөх нээлттэй хүсэлтэд,
2009 онд Монгол улсын засгийн газар, Рио тинто компанитай хамтран Оюутолгой төслийг хөдөлгөснөөс хойш 12 жил өнгөрч, энэ хугацаанд Монгол улс Рио тинтотой таван гэрээ байгуулчхаад байна. Гэтэл Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигчид болох Рио тинто Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, монгол сэтгүүлчдэд нэг ч удаа ямар нэг цензургүйгээр нээлттэй асуултад хариулт өгч байсангүй. Нэг бол өөрсдийнхөө төлбөр төлсөн хэвлэлд хүссэн дуугаа захиалчхаад нэг бол камераас далд цөөн сэтгүүлч цуглуулж хаалттай хүрээнд л мэдээлэл өгсөөр ирсэн.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид ОЮУТОЛГОЙ төсөлтэй холбоотой мэдээллийг Монголынхоо төрийн түшээдийн амнаас, ТУЗ-д нь байсан цөөн хэдэн монголчуудаасаа л сонсож, монгол нь монголтойгоо л мэтгэлцэж монголчууд л хоорондоо муудалцаж хоёр тал болсоор ирснийг харлаа. Гэтэл 66 хувийг эзэмшигчид тайлбар, байр сууриа монголын хэвлэлд тоож өгөхгүй 12 жил болчихлоо. Монголын хэвлэлийг басамжлан, үл тоож мэдээлэл өгөхгүй зугтдаг, би зоо паркийн амьтан биш, хэлэлцээр нууц зэргээр ам үдчихээд гүйчихдэг, бичгээр тайлбар өгье асуултаа явуул гэчихдэг Рио Тинто компаниас мэдээлэл авах хүсэлт илгээж байна.
Рио тинтогийн хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью латхам, Зэсийн группын захирал Б.Болд Рио тинтогийн монгол дахь захирал Х.Амаржаргал нарыг Монголд байгаа энэ хугацаандаа нээлттэй, цензургүй мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Өрөг.мн сайтын санаачилж буй энэхүү хүсэлтэд Монголын сэтгүүлчид, редакциуд нэгдэж, хамтдаа асуултууддаа хариулт авна гэдэгт найдаж байна.
Бид 34 хувь эзэмшигчдийн хувьд менежментийг нь авч яваа Рио тинтогоос мэдээлэл авмаар байна. Хэдий болтол бид С.Ганбаатарын амнаас эсвэл Туркойз хиллийн сайтаас л мэдээлэл авдаг байх юм бэ? 34 хувь эзэмшигчид бидэнд нээлттэй мэдээлэл өгөх хугацаа явж эхэллээ! Нээлттэй ил тод компани гэдгээ дэлхийд тунхагласан Рио тинто мэдээлэл өгнө гэдэгт гүнээ итгэж байна.
Харин энэ удаад дараах хүсэлтийг илгээж байна.
“Рио Тинто”-ийн зэсийн группын захирал Б.Болд
“Рио тинто”-ийн монгол дахь захирал Х.Амаржаргал нарт
Өрөг.мн сайт 2021 оны 11-р сарын 15-нд Рио Тинто компаниас ярилцлага, мэдээлэл авах нээлттэй хүсэлт тавьсан ба хүсэлтийн хариу одоо хүртэл ямар нэг хэлбэрээр ирээгүй байна.
Тиймээс бид нээлттэй ярилцлага, мэдээлэл авах хүсэлтээ ахин илгээж байна.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм 11-р сарын 23-нд Монгол улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ, “Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна” хэмээн хэлсэн ба Дэлхийд ч нээлттэй, ил тод компани гэдгээ зарласан танай компани монголын сэтгүүлчдэд, монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй, цензургүй, ил тод ярилцлага, мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулж, бидний асуултад хариулж, мэдээлэл өгөхийг хүсье.
Танай компаниас мэдээлэл авах Өрөг.мн сайтын санаачилгыг монголын бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч дэмжиж байгаа ба танайхаас мэдээлэл, ярилцлага авах хүсэлтэй монголын 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгааг дуулгая.
Рио тинто компани олон улсын өөр хэвлэлүүдэд ярилцлага, мэдээлэл өгч, захирлууд тань өөрсдийнхөө цахим хаягуудад мэдээлэл оруулж байгаа ч энэ нь бүрэн дүүрэн мэдээлэл болохгүй байгаа ба сэтгүүл зүйн тэнцвэртэй мэдээлэл бэлтгэн, олон нийтэд хүргэнэ гэсэн зарчмыг алдагдуулж буй юм.
Та бүхэн монголд Оюутолгой төслийг хэрэгжүүлсэн 12 жилийн хугацаандаа монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаалттай байж, нээлттэй цензургүй мэдээлэл өгөөгүй тул бидний хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл, ярилцлага өгнө гэдэгт гүнээ итгэж байна.
ӨРӨГ.МН САЙТ