Аргентины Ерөнхийлөгч асан Маурисио Макри 2017 онд "Ара Сан Хуан" шумбагч онгоц живсний улмаас амиа алдсан далайчдын төрөл төрөгсдийг тагнахыг нууц албаныханд тушаасан хэргээр буруутгагдаж байна. Тус улсын Дээд Шүүхийн шүүгч Марин Бава “Иоён Макри хохирогчдын ар гэрийнхэнд холбогдох материалыг шаардаж, тус улсын тагнуулын хуулийг зөрчсөн” гэж мэдэгдсэн байна.
2015-2019 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо сөрөг хүчний удирдагч, экс ерөнхийлөгч Маурисио Макри энэ хэргийг улс төрийн зорилготойгоор үйлдсэн, гол зорилго нь амиа алдсан далайчдыг шумбагч онгоцны осолд буруутгахад чиглэгдсэн гэж үзэж байгаа юм.
Харин экс ерөнхийлөгч "Би хэнийг ч тагнаж чагнаагүй, засгийн газрынхаа хэнд ч хэн нэгнийг тагна гэж хэзээ ч тушаал өгөөгүй" гэсэн тайлбарыг удаа дараа өгчээ.
Аргентины Тэнгисийн цэргийн хүчнийг “Ара Сан Хуан” шумбагч онгоцны засвар үйлчилгээнд хайнга хандсан гэж буруутгасны дараа тэднийг дагаж мөрдөж, айлган сүрдүүлж, утсыг нь чагнасан гэж хохирогчдын төрөл төрөгсөд мэдүүлсэн бөгөөд экс ерөнхийлөгчийг буруутай гэж үзэн шүүхээр оруулж, шийтгэл хүлээлгэх хүсэлтэй байгаа юм.
“Ара Сан Хуан ” шумбагч онгоц 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Атлантын далай дахь Аргентины эргээс 430 км-ийн зайтай холдоод, түүнээс хойш радарт илрэлгүй алга болж, жилийн дараа Патагонийн эргээс сэг нь олджээ.