Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “Ковид-19”-ийн шинээр илэрсэн “Омикрон” хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины нэмэлт тунд насанд хүрсэн бүх иргэн хамрагдах хэрэгтэй” гэж мэдээлэв. Тус төвийн дарга, доктор Рошель Валенский “Омикрон” хувилбар бий болсонтой холбоотойгоор коронавирусийн эсрэг дархлаажуулалтад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал юм” хэмээн мэдэгдсэн билээ.
Иймд иргэдийг коронавирусийн эсрэг нэмэлт тун буюу гуравдугаар тунд хамрагдахыг эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагынхан уриалж байгаа билээ. Энэ удаад бид жүжигчин Ж.Алтаншагайтай уулзан нэмэлт тунгийн талаарх байр суурийг нь тодрууллаа.
Жүжигчин Ж.Алтаншагай: Намайг гуравдугаар тунгаа тариулахад хүмүүс хараасан. Би бол хэлэх үгээ хамаагүй хэлдэг хүн. Ерөөсөө тоохгүй. Би тариулна. Яагаад гэхээр хүмүүс өнгөрсөн жил сүйд болж байсан. Эмч нараа хайрлая, эмч нар ядарч байна. Тийм мундаг юм бол тариулаач, юу хүлээгээд байгаа юм. Тийм биз дээ. Бид нар тэгж л хамгаална.
Би эмч нар дээр очоод юу ч хийж чадахгүй шүү дээ. Мэдэхгүй юм чинь. Эмч нартаа урам зориг хайрлах пост бичих байх. Нэг тоглолт хийвэл тэрийг нь хөтлөөд өгөх байх. Нэг эмчийн тухай кино хийж байна гэвэл тоглож чадах байх. Өөр би чадахгүй.
Чадах юм юу вэ? Вакцинаа тариулаад өөрийгөө хамгаалах. Тэгэхгүй бол хүн их ухаантай болсон байна. Заримдаа дэндүү мэдлэгтэй болчхоод байна. Бүр эмч нараас илүү мэддэг болчхож. Тэр вакцин чинь хор гээд л. Хаана ямар хор нь батлагдчихсан юм. Би бүр хэлмээр санагдсан юм, одоо хэлчихье. Ажил, ажлаа хийе. Би уул уурхай яриад л, эсвэл цахилгаан станц эдийн засаг яриад байвал хүн намайг хараад шоолно биз дээ. Урлаг яривал энэ урлагийн хүн гэж хүн хэлэх байх. Эсвэл буу зэвсэг яривал энэ буудлагаар сургуулилдаг мэддэг байх гэж хэлнэ. Ямар ч хамааралгүй хүн гарч ирээд мэддэг юм шиг ярих надад таалагддаггүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Иргэн та Ковид-19-ийн эсрэг вакцины III тундаа идэвхитэй хамрагдаарай.