АНУ-ын Мичиган мужийн Оксфорд хотод сургуульд зэвсэгт халдлага болсон талаар ВBC агентлаг мэдээллээ. Ахлах сургуульд болсон буудалцааны үеэр гурван сурагч амиа алдаж, найман сурагч, нэг багш шархадсан байна.
Энэ хэрэг өчигдөр үд дунд болсон бөгөөд онц байдлын дохио авснаас таван минутын дараа цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилжээ. Гэмт этгээд цагдаагийнхан ирэхэд буугаа газар хаян, өөрөө бууж өгчээ. Цагдаа нарын мэдээлснээр 15 настай сэжигтэн хагас автомат гар буугаар 15-20 удаа буудаж, хэргийг ганцаараа үйлдсэн байна. Шархадсан хүмүүсийн хоёр нь хагалгаанд орсон бол үлдсэн зургаагийнх нь биеийн байдал хэвийн, бууны шархтай байгаа аж.
Ерөнхийлөгч Жо Байден Миннесота мужийн Миннеаполис хотод айлчлах үеэрээ буудалцаан болсон талаар ярьсан байна. Тэрбээр "Хайртай хүнээ алдсаны төсөөлшгүй уй гашууг тэвчиж буй гэр бүлүүдэд миний зүрх сэтгэл гашуудаж байна" гэж хэлэв. Сургуулийн сурагч ямар сэдлээр энэ хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй, хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлсэн гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ.
АНУ-ын сургуулийн нутаг дэвсгэрт гарсан буудлага сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байгаа бөгөөд энэ жил сургуулийн талбай дээр буун дуу гарсан 138 тохиолдол гарч, ийм халдлагын тоо дахин нэмэгджээ.