Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд тодруулга өглөө.
Тэрбээр "Нийгмийн сүлжээнд Замын-Үүд, Эрээн боомтын ачаа тээвэр зогслоо гэдэг асуудал ихээр гарч байна. Замын-Үүд, Эрээн боомтын хувьд төмөр замын тээвэр өдөрт 14 галт тэрэг өргөн царигаар хятадын тал руу нэвтэрдэг. 6-7 галт тэрэг нарийн царигаар монголын талд орж ирдэг. Үүнтэй холбогдуулаад Эрээн хотын Ардын засгийн ордон ковидийн үед цаашдаа Монгол Улсаар дамжин ирж байгаа төмөр замын тээвэр болон монголоос орж ирж байгаа төмөр замын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэдэг шийдвэр гаргасан байна. Чингэлэг тээврийн хүрээнд Эрээн хотын шуурхай штабаас 81, 82 гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийн хүрээнд 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн. Эдгээр бүтээгдэхүүнийг хүний гараар ачдаг. Ийм бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргасан байна. Яагаад ийм шийдвэр гарсан талаар Эрээнд суугаа консулын газар болон дипломат шугамаар тодрууллаа.
Өнөөдөр ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзлаа. Хятадын талын онцолж байгаа нэг зүйл нь Манжуур боомтод хил дамнаж ковид-19-ийн тохиолдол илэрч богино хугацаанд олон хүнээс халдвар илэрсэн нь батлагдсан учраас ийм шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг өгч байна. Энэ тоо баримтын хувьд Хөлөнбуйр хотод сүүлийн 24 цагийн байдлаар 20 шинэ тохиолдол бүртгэгдэж нийтдээ 57 тохиолдол болсон байна. Манжуур руу төмөр замын ажилчдаар дамжиж ковидийн тохиолдол илэрсэн юм байна. Үүнтэй холбогдуулаад Өвөр Монголын хэмжээнд цар тахлын арга хэмжээг хатуу чанд авах ёстой гэсэн шийдвэрийг ӨМӨЗО-ны цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах газраас гаргаад хилийн боомтуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах ажлын төлөвлөгөө батлах тухай 44 тоот албан бичиг гаргасан юм байна. Энэ хүрээнд Эрээн хотын Ардын засгийн ордноос ийм шийдвэр гаргаж түр хугацаанд хэрэгжүүлэхээр болж байна гэсэн мэдэгдлийг бидэнд өгөөд байна.
Мөн 28-ны өдрийн 14:00 цагаас эхлээд төмөр замаар орж ирж байгаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш, нүүрс гэх мэт задгай, нунтаг ачаа байдлаар Эрээн өртөө рүү ордог ачааг хүлээж авахгүй гэдэг мэдэгдэл гараад байна. Ер нь цаашдаа Монгол Хятадын Замын-Үүд, Эрээн боомтоор монголын талаас урагшаа гарах галт тэрэг зөвхөн чингэлгээр явах юм гэдэг ойлголт юм. Түүнээс биш нийгмийн сүлжээнд гарч байгаа хил боомт хаагдсан гэдэг ойлголт биш гэдгийг тодотгож хэлье
Эрээн Замын-Үүд авто замын боомтыг нээх чиглэлээр ГХЯ холбогдох байгууллагуудтай холбогдон ажиллаж байна" гэдэг тайлбарыг хийлээ.