Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өнөөдөр ажиллах цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Засгийн газраас гаргасан шийдвэрээ эргэн харж үйлчилгээний газрууд бүтэн 24 цаг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг хүслээ.
Иргэн Д.Амартүвшин "Аж ахуйн нэгжийн цагийн хязгаарлалтаас болж том асуудал тулгарч байна. Өглөө, оройдоо автобусаар олон хүн чихэлдээд л явж байна. Гэтэл оройдоо 30-50 хүний дүүргэлттэй баар ажиллах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаагийн байгуулага торгууль тавьдаг. Үүнээс үүдэн иргэд яахын аргагүй хүүхдийнхээ дэргэд гэртээ архи дарс ууж эхэлж байна. Үүний улмаас иргэд орон гэртээ архидах асуудал гарч, үйлчилгээний олон газар нууцаар ажиллаж эхэллээ. Эдгээр газрыг буруутгах шалтгаан байхгүй. Учир нь хоёр жилийн турш хөл хорио гээд ажиллаагүй түрээсийн өрөө дарах хэрэгтэй биз дээ. Иймд хоёр нүүртэй хуулийг гууль болгохоо болих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг зүгээр ажлыг нь хийлгэх шаардлагатай байна"
Иргэн Д.Булгантамир "Хөл хорионы улмаас аж ахуй нэгжүүд ажилчдынхаа нийгмийн даатгалаа төлж чадахгүй болж байна. Цагийн хязгаарлалтаас болж зээлээ төлж чадахгүй банкны хар дансанд орлоо. Энэ цагийн хязгаарлалтаас болж, шүүхээр 500 мянган төгрөгөөр гурван удаа торгууллаа. Бид хүнд үйлчилж татвар төлж, ажлын байр бий болгосныхоо төлөө яагаад торгуулах ёстой гэж. Энэ дарамтаа зогсоох хэрэгтэй"