Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох албаныхантай цахимаар уулзлаа.
2022-2024 оны санхүүжилтийн жилүүдэд хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд болон одоо хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлал-1, 2 төслүүдийн явц байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын засгийн газраас тус банктай хэрэгжүүлэх 2022-2024 оны төлөвлөгөөнд тусгуулах төслүүдийн талаар 3-р сард санал солилцсон. Хөрс орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлээр хамтран ажиллах санал байсан нь бүрэн тусгагдаагүй учир энэ удаад дахин сэргээж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан дурдаад ялангуяа байгаль орчныг хамгаалах, тогтвортой менежментийг бэхжүүлэхэд ойн салбар чухал гэдгийг онцлов.
Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход “Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ” төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах санал хэлэв. Мөн Монгол улсын аялал жуулчлалын салбарыг дэмжин төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд явцын мэдээллийг өглөө. Цаашид Аялал жуулчлалын салбарыг сэргээх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналууд байгааг онцоллоо.
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархаад Ковидын дараах Аялал жуулчлалыг сэргээх асуудалд болон хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Ингээд дараагийн удаад Н.Уртнасан сайдын тавьсан саналын дагуу сэдэвчилсэн уулзалт, хэлэлцээрийг хийхээр болов.
"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх-2" төслийг Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад хэрэгжүүлэх үйл ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргах, уг асуудлын бичиг баримтыг нягтлах хүрээнд дараагийн уулзалтыг товлох дээр санал нэгдэж энэ удаагийн уулзалт өндөрлөв.