Италийн хойд хэсгийн Брешиа хотын музейд Шанхайд төрсөн зураач Бадиукао Хятадын албаныхны дургүйцлийг хүргэсэн үзэсгэлэн нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд тавигдах Ши Жиньпин дарга, Винни Пух нарын зургууд нь Хятадын сошиал сүлжээнд ихээхэн цензурт өртжээ. Үзэсгэлэнд Ухань хотын шүгэл үлээгч Ли Вэнлянд хүндэтгэл үзүүлж, эсэргүүцэгчдийн араас хөөцөлдөж буй цагдаа нарыг мөн дүрсэлсэн байна. Mөн удахгүй болох Өвлийн Олимпыг дүрсэлсэн зурагт хуудаснуудад тамирчин хяналтын камерын дээгүүр гулсаж, биатлоны тамирчин нүд нь таглагдсан Уйгур хоригдол руу винтов сум чиглүүлж байгааг харуулжээ. Бадиукаогийн өдөөн хатгасан шинэ бүтээлүүдийг Хятадын дипломатуудын эсэргүүцлийг үл харгалзан бямба гарагт олон нийтэд нээлттэй үзүүлэx гэж байна.
Ром дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Брешиа хотын даргад илгээсэн захидалдаа "Эдгээр уран бүтээлүүд нь Хятадын эсрэг худал мэдээллээр дүүрэн бөгөөд баримтуудыг гуйвуулж, худал мэдээлэл тарааж, Италийн ард түмний ойлголтыг төөрөгдүүлж, Хятадын ард түмний сэтгэл санааг ихээхэн бухимдуулна гэдэгт санаа зовж байна" гэжээ. Энэ тухай орон нутгийн Giornale di Brescia сонинд бичжээ.
Австралид 2009 оноос хойш тусгаарлагдмал байдалд амьдарч байсан тэрс үзэлтэн зураачийн хувьд энэ маргаан нь гайхшрал төрүүлсэнгүй. "Өнөө үед Хятадын засгийн газрыг гомдоохгүй байх нь бараг боломжгүй юм" гэж тэрээр CNN-д үзэсгэлэнгийн нээлт хийхээс өмнө хэлжээ. "Ямар ч зүйл эмзэг байж болно; юу ч асуудалтай байж болно" гэж тэрээр тайлбар хийв.
Өнгөрсөн сард БНХАУ-ын Элчин сайдын яам гомдол гаргаснаас хойш музейн албаны хүмүүс болон орон нутгийн улс төрчид үг хэлэх эрх чөлөөний бэлгэдэл болгон "La Cina (non) è Vicina" буюу "Хятад (биш) ойр" гэсэн нэртэй шоуг зохион байгуулжээ.
Брешиа хотын орлогч дарга Лаура Кастеллетти "Би энэ захидлыг хоёр удаа уншсан, учир нь намайг ихээхэн гайхшралд оруулсан" гэжээ. Тэрээр энэ хүсэлт нь хотын урлаг, соёлын шийдвэрт халдсан гэж үзжээ. Нэвтрүүлгээ цуцлах хүсэлт явуулсан нь харин ч илүү олны анхаарлыг татахад хүргэснийг тэрээр нэмж хэлжээ.
Брешиа музейн сангийн ерөнхийлөгч Франческа Базоли хэлэхдээ, үзэсгэлэнг зогсоолгүй үргэлжлүүлэх нь "уран сайхны үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудал" гэжээ.
1989 онд Тяньаньмэний талбайд болсон хядлагаас авахуулаад Нобелийн энх тайвны шагналт Лю Сяобогийн эмчилгээний талаар хүртэл улс төрчдийг шоглож, эмзэг сэдвүүдийг хөнддөг гэдгээрээ алдартай Бадиукао арав гаруй жилийн турш Хятадын Коммунист намын толгойн өвчин болсоор ирсэн юм. Нэгэн цагт нэрээ нууцалсан Бадиукао 2011 онд Хятадын Вэнжоу хотын хурдны галт тэрэгний ослыг хэрхэн зохицуулсан тухай хүүхэлдэйн киног Sina Weibo микроблог сайтад нийтэлж эхэлснээр олны танил болсон. Энэ зургуудыг олон удаа цензурдсэн бөгөөд тэрээр одоо Австралийн иргэн болсон ч БНХАУ-ын эрх баригчид тэр цагаас хойш түүний ажлыг хавчиж дарангуйлсаар байгаа юм.
Хонконгт 2018 онд хийхээр төлөвлөж байсан уран бүтээлийн үзэсгэлэн нь цуцлагдсан. Зохион байгуулагчид энэ шийдвэрийг "Хятадын эрх баригчдын заналхийлэлтэй" холбон тайлбарлаж байсан бөгөөд зураач энэ бүхний дараа Хятад дахь гэр бүлийнх нь гишүүдтэй шоуны өмнө албаны хүмүүс холбогдож байсныг илчилсэн юм. Нүүр хуудас нь нууцлагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, олон жилийн турш нэрээ нууцалсны эцэст 2019 онд хэн болохоо зарлажээ.
Бадиукао өөрийгөө байнга дарамтлуулж, хааяа заналхийлэгддэг тухайгаа цахим ертөнцөөр дамжуулан Твиттер, Инстаграмдaа онцолжээ. "Энэ бол тулааны талбар шиг, ийм байдлаар та визуал хэллэг, интернет мемийг ашиглаж, цензурын эрх мэдлийг татан буулгаж чадна" гэж тэр хэлэв.
Хамтран ажиллагсдад нь тулгарч буй улс төр, арилжааны дарамтыг харгалзан үзээд шоугаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь Брешиа "дэлхийн бусад оронд үлгэр дуурайлал" болж байгаагаа тэр нэмж илэрхийлэв. "Хятад улс өөрийн хөрөнгө, мөнгөө хүмүүсийн шүүмжлэлийг хянах, залилах, чимээгүй болгоход маш сайн ашигладаг бөгөөд энэ нь манай ертөнц, урлагийн зах зээлд ингэж тусгалаа олсон юм" гэж тэрээр онцолжээ.
Эх сурвалж: CNN