Польшийн арми Беларусаас тус улс руу нэвтрэхийг завдсан цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглажээ. Цагаачид бэхэлсэн хилийн боомтыг хамгаалж байсан Польшийн цэргүүд рүү чулуу болон бусад зүйл шидэж байгааг дүрс бичлэгт харуулсан байна.
Хэдэн долоо хоногийн турш Ойрхи Дорнодоос ирсэн олон мянган цагаачид Европын холбоо руу нэвтрэх гэж Беларусийн хил дээр цугларсаар байна.
Польшийн хилийн агентлагийн мэдээлснээр, зөвхөн энэ сард Беларусийн хууль бусаар хил зөрчих 5000 гаруй оролдлого бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд ердөө 88 ийм тохиолдол бүртгэгдсэн байна.
Хилийн Беларусийн талд дүрвэгчид хасах хэмийн хүйтэн шөнө майханд хоноглож байгаа. Цаашид цаг агаар хүйтрэх тусам дүрвэгчдийн нөхцөл байдал хүндэрч, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж болзошгүй байна.
Европын Холбоо хил дээр зориуд хямрал үүсгэсэн шалтгаанаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг шинэ хориг арга хэмжээг энэ долоо хоногийн сүүлээр зарлах төлөвтэй байгаа. Өнгөрсөн онд болсон сонгуулийн дараа иргэдийн эсэргүүцлийг хүчээр дарж, хүний эрхийг зөрчсөн шалтгаанаар Европын Холбоо, АНУ-ын засаг захиргаа Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм.