УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон. Эл асуудлаар бид жил дамнан сурвалжилж байгаа билээ. Иргэдийн эрх ашгийг зөрчсөн энэ асуудалд иргэн А.Базар гомдол гаргаж, эдэлбэр газрыг чөлөөлөх шаардлагыг Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн юм. Мөн тэрээр Захиргааны хэргийн шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол хүргүүлээд буй.
Иргэн А.Базарын гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүхээс эл асуудлыг хэлэлцэж, Ж.Ганбаатарын "дээрэмдсэн" газрыг чөлөөлж, зураг төслийн дагуу явган хүний зам барь гэх шийдвэр гаргасан. Гэсэн ч Хотын дарга Д.Сумъяабазарын төлөөлөгч, "үүнийг зөвшөөрөхгүй" гэх байдлаар зөрүүлж гомдол гаргаад байгаа юм.
Тэгвэл энэ сарын 16-нд Улсын дээд шүүхээс иргэн А.Базарын хүргүүлсэн энэхүү гомдлыг авч хэлэлцэхгүй гэсэн хариу ирүүлжээ. Бид энэ талаар түүнээс тодруулахад: Дахин шүүхэд хандаж, анхан шатнаас нь эхлээд гомдол гаргана гэв.
Уг нь Газрын тухай хуульд зааснаар, хэрвээ гэрчилгээгүй байвал мэдэгдэл өг, мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөхгүй байвал албадаж чөлөөлөх тухай заалт бий. Гэсэн ч Камдер ХХК УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийтийн эдэлбэр газрыг дээрэмдэж, Хот байгуулалт хөгжлийн газраас хүргүүлсэн хоёр удаагийн мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хүргүүлсэн нэг удаагийн шаардлагыг үл тоосон хэвээр байна. Түүгээр зогсохгүй НМХГ, Цагдаагийн байгууллагаас, тухайн газарт хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөж байна гэдэг дүгнэлт гаргасан ч мөн л биелүүлэхгүй өдий хүрлээ.
Төрдөө захирагддаггүй, иргэдээ дээрэмддэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль бус энэхүү үйлдлээ зогсоож иргэдийн явган хүний замыг буцааж өгнө үү!!! Нийслэлийн иргэдэд нь алхах зам үгүй байхад Засаг дарга Д.Сумъяабазар газрыг чөлөөлөхийн оронд, чөлөөлөх хэрэггүй гэж шүүхдэлцэх ямар эрх ашиг байна вэ? Хотын даргаа! УИХ-ын гишүүнээ явган хүний замаа авъя!