Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай оролцлоо. Тэрээр амьдралд өвчин, үхэл хагацлаас өөр зовлон байхгүй гэдгийг онцолж туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар хуваалцлаа.
-Олон нийт таныг сайн аавын жишээн дээр ярьдаг шүү дээ. Та өөрөө хариуцлагын тухай, аав байх амаргүй гэх зэргээр ярьсан байдаг. Аав болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
-Аав болно гэдэг хүн болгоны л туулдаг амьдрал. Анх аав болоод айхтар хүнд атлаа сайхан мэдрэмж авч байлаа. Манай хүүхдүүд гуравдугаар төрөхөд төрсөн. За аав нь ороорой гээд л. Гадаа байгаад харахгүй байх мэдрэмж нэг өөр. Яг ороод хүүхдээ харах мэдрэмж тэс өөр байдаг. Хүүхдээ харсан үеэс хойш их мотиваци авсан. Хариуцлагаа ойлгосон гэсэн үг. Түүнээс хойш одоог хүртэл нэг ч амарч үзээгүй л явж байна.
-20 настай ихэр хүүхдийн аав болно гэдэг амар зүйл биш байх?
-Мэдээж амьдралд хүнд үе байсан. Ямар сайндаа хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг хусаж цэвэрлээд дахин хэрэглэж байх вэ дээ. Мөнгөгүйн л улмаас шүү дээ. Тэр бол эр хүний аваад байх мэдрэмж биш юм шиг л санагдсан. Хоёр хүүхэд гэдэг чинь хоёр талд пижигнүүлнэ. Түлш байхгүй айлын банз хуу татаад зугтааж байсан тухайгаа ч өөр хэвлэлд ярьж байсан даа.
-Мэдээж хүн бүрд хэцүү цаг үе гэж бий шүү дээ. Таны хувьд энэ бүхэнтэйгээ хэрхэн тэмцэж өнөөдрийн зэрэгт хүрэв ээ?
– Бурхан хүнд нэг удаа боломж олгодог гээд ярьдаг шүү дээ. Түүнийг авч чадахгүй бол цаашаа хэцүүдэх эсэхийг нь мэдэхгүй байна. Юутай ч зөв хамт олонтой, зөв найз нөхөдтэй, зөв түшиг тулгууруудтай таарсан гэж би боддог. Хэцүүхэн зүйлс байсан ч би тэгтлээ бүтэлгүйтээд байдаггүй. Их тооцоотой хөдөлдөг.
-Үнэтэй зүйлээ өөр нэг зүйлээр сольж байсан үе бий юу? Өөрөөр хэлбэл чухал зүйлээ золих тал дээр?
-Би төгсөх курсдээ сургуулиа орхисон юм. Тухайн үед нөгөөдөр нь диплом хамгаалалттай байсан. Надад хоёр сонголт л гарч ирсэн. Манай гэрт идчихээр хоол, хүүхдэд живх гээд тухайн үед хүүхдийн нэмэлт тэжээл Nan дууссан ийм л өглөө байсан. Тэгсэн манай ангийн нэг залуу залгаад яав аа чи ирж байна уу, урьдчилан хамгаалалт болох гээд байна гэж дуудаад. Тэгээд очъё гэсэн надад яг 200 төгрөг л байсан. Дараахан нь утас дахиад дуугарсан. Тухайн үед нэг муу утастай байсан юм. Хэнтий аймаг руу сонгуулийн ажил байна гээд. Би тухайн үед Шар хаданд амьдардаг байлаа. Тэр хавийн бүх дэлгүүрүүдэд зээл тавьчихсан. Дахин надад мөнгө олдох боломж даанч байгаагүй. Уг нь жаахан тэссэн бол дипломоо авах гээд байдаг. Тэгсэн нөгөө тоглолт маань хөдлөх гээд өнөөдөр явахгүй бол худлаа болох гээд. Яалт ч үгүй сонгуулийн ажлаа сонгоод явсан. Тухайн үед сэтгэхүй жаахан байсан ч юм уу. Тэсээд дипломоо авч болох байсан ч сургуулиа зоригтойгоор орхиж утсаа хугалж хаяад багагүй мөнгө авч байсан. Ингэснээр гэр хорооллоос түрээсийн байр руу шилжих боломж олдож байлаа.
-Фантастик продакшны хувьд Монголын кино урлагийн салбарт дажгүй амжилттай байна гэж хардаг. Энд хүрэхийн тулд ямар зүйл үзэж туулсан бэ?
-Биднийг хүмүүс Фантастикийнхан кино хийгээд шууд их мөнгө олж бест селлер болоод яваад байна гэж боддог л байх даа. Бид 10 жил унасан. Дандаа бүтэлгүйтсэн. Тайз ч олдохгүй. Анхны жижиг сажиг бүтээлүүд хийгээд тэр нь амжилт олохгүй үе маш их байсан. Маш олон зүйлийг давж байж дараа нь алдсан дээрээ алдаагаа дахиж давтахгүй явсан гэж боддог. Тухайн үед суралцаад судлаад явж байсан нь давуу тал болсон байх. Шантарч л байлаа. Юу сонгочихов оо гээд. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, хүн бүтэлгүйтэх тусмаа шазуураа зуугаад хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс тэр чигээрээ уначихдаг юм шиг.
-Аар саархан асуудал тулгарах нь байх л зүйл. Гэсэн ч тэвчиж болмооргүй юм шиг, гэхдээ тэвчих шаардлагатай үе байдаг шүү дээ. Таны хувьд?
-Миний бодлоор өвчин, хайртай хүнээ алдах, үхэл хагацал л их хэцүү юм билээ. Бусад нь зовлон биш гэж үздэг. Миний хувьд шүү дээ. Ажил бүтэхгүй байх, мөнгө олж чадахгүй байх гээд олон шалтгаан хүний амьдралд гардаг.Гэхдээ үхэл өвчнөөс өөр зовлон амьдралд байхгүй. Би хоёуланг нь үзсэн. Сайхан аавыгаа алдсан. “Аавд нь хэдхэн хоног үлдсэн шүү миний хүү” гэдэг үг сонсох хэцүү. Одоо хааяа унтахдаа зүүдээ манаж хонодог. Аавыгаа нэг харах юм сан гээд л. Дурсамж гэдэг алслагдаад байдаг юм билээ. Гэхдээ ингэх тусмаа үнэ цэнтэй болдог. Улам л их бодогддог.
-Та аавдаа хэр сайн хүү байж чадсан бэ?
-Их гайгүй сайн хүү байсан гэж боддог шүү. Олон киноныхоо нээлтийг үзүүлж байлаа. Тэгэхэд надад “Миний хүү эр хүн болж дээ. Надад их сайхан байна” гэж хэлсэн. Одоо бодоход аавтайгаа сайхан зураг авахуулаагүйдээ харамсдаг. Бид хоёрын олон зураг байдаггүй юм. За дуусгах уу?
-Дуусгахгүй ээ.
-Хүн аливаа зүйлийг мөнхийн байх юм шиг санадаг. Хэн нэгэн хажууд мөнх байх юм шиг. Эсвэл үргэлж баян дарга байх юм шиг. Тийм зүйл гэж хэзээ ч байдаггүй. Мөн би түүнээс илүү юм чинь гэж бодож явсан хүн буруудна шүү. Гоё амьдрах ёстой шүү дээ. Мэнд устай, дотно дулаан. Маргааш ирэхгүй бол яах юм бэ. Гомдоогоод үлдээсэн хүн чинь маргааш буцаад ирэхгүй бол, дахиж тэр хүнээс чамд дуудлага ирэхгүй бол яах вэ. Тиймээс бодолтой байх ёстой.
-Хайртай хүнээ алдах хэцүү гэдгийг алдсан хүмүүс ойлгодог байх. Ямар сэтгэлийн хүчээр давж гардаг вэ?
-Хүчээ зөв хуваарилах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэвчээр л заах ёстой юм билээ. Маш тайван байгаад сэтгэл хөөрөлдөө автаж огт болохгүй. Миний хувьд ямар ч байсан бүгдийг даваад гарсан. Эр хүн байна гэдэг чинь булчинтай байхын нэр биш шүү дээ. Тэр олон цохилтуудыг ар араас нь аваад явахаар хүн унаад архи дарс уух ч юм уу, нийгмээс өөрийгөө тусгаарлах ч юм уу тийм зүйлүүдийг огт гаргаж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.