“Turquoise Hill Resources” компани өнгөрсөн Лхагва гаригт санхүүгийн тайлангаа танилцуулж, “Оюутолгой”-н гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг 2023 оны эхний хагас гэж мэдэгдсэн билээ. Харин “Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширч магадгүйг дахин сануулсан мэдэгдэл гаргажээ.
Тус компани “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт төсвийг энэ сард багтаж батлахгүй бол “Оюутолгой” төслийн гүний уурхайн ажил удаашрах эрсдэлтэй гэж мэдэгдэлдээ дурджээ.
Анх 2016 онд батлагдсан ТЭЗҮ-д гүний уурхайн зардал 5.3 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хугацаа 2021 оны нэгдүгээр сар гэж тусгасан. Гэвч гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар өсч, үйлдвэрлэл эхлэх хугацаа нь 2022 оны аравдугаар сар болж хойшилсон. Аравдугаар сарын 15-нд хугацаа нь дахин гурван сараар хойшилж байгааг “Rio Tinto” компани мэдээлсэн билээ.
“Рио Тинто” өнгөрсөн сард Засгийн газарт дөрвөн санал бүхий захидал хүргүүлж, Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг “тэглэх”, мөн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах шаардлагатайг дурдсан. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд энэхүү нэмэлт төсвийг яаралтай батлах хэрэгтэй байгааг мэдэгдсээр байгаа юм.
News.mn сайтын материалыг ашиглав