Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас өчигдөр цаг үеийн асуудлаар иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон танилцуулахдаа шинээр зарим зохицуулалт хийсэн. Тодруулбал, үзвэр үйлчилгээ үзэх иргэд гуравдугаар тунд хамрагдсан байх, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимд орох шийдвэр гарсан.
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр:
-10 дугаар сарын 15-наас хойш агаарын татан авалтаар ирж байгаа иргэдэд үйлчилж байсан түр журам хүчингүй болсон. Агаараар ирж байгаа хүмүүс өөрсдөө онгоцны тасалбар аваад ирж байгаа. Ингэхдээ вакцинд хамрагдсан байх, ирэхээсээ 72 цагийн өмнө PCR шинжилгээнд хамрагдсан байх гэдэг шаардлага тавьж байгаа. Ирсэнийхээ дараа гэртээ хөдөлгөөнөө багасгаад байгаарай гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Агаарын хил нээлттэй байгаа.
Одоо зөвхөн Өмнөговь, Дорноговь аймаг руу нэвтэрч байгаа иргэдэд албан ажлаар болон бусад шалтгаанаар явж байгаа иргэдийг нэвтрүүлж байгаа. Гэхдээ Дорноговь аймаг руу гурав дахь тундаа хамрагдаж байгаа иргэдийг нэвтрүүлж байгаа.
МИАТ-ээр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл ирсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дараагийн ачаа ирнэ. Энэ сарын 8, 10-нд мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг татан авах ажлыг зохион байгуулж байна. УОК-оос богино хугацааны гурван ажил төлөвлөсөн. Эхнийх нь дархлаажуулалт, хоёр дахь нь хувийн халдвар хамгааллын дэглэм, гуравдугаарт, эмчилгээ. Сүүлийн 14 хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Мөн ор зохицуулалтын багийн тусламжтайгаар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг эмнэлэгт шууд хүлээж авч эхэлсэн. Орон нутагт ажиллаж байгаа шуурхай штабууд төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллаж байна. Агаараар эмийн хэрэгслийг татан авахаас гадна газраар импортын эм, хүнс, бараа материал татаж авахаар зорьж байна.
Covid-19-ийн дараах хүндрэлээс шалтгаалж өрх болон дүүрэгт хандах иргэдийн тоо нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэд өрхийн эмнэлэгтээ заавал эхэлж хандана. Ингэснээр шат дараатай үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой.
ХҮҮХДЭД ВАКЦИН ХИЙЖ ЭХЭЛСЭН ҮЕД 2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ АВАХ ТАЛААР ЯРИГДАНА
Цар тахлын нөхцөл байдал тогтворжоогүй, томуугийн улирал, мөн эхэлсэнтэй холбоотойгоор 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Тиймээс энэ өвөл хүүхдийг вакцинжуулах шийдвэр гараагүй учир цэцэрлэгт хүлээж авахгүйг мэдэгдлээ.
УОК-ын шуурхай штабаас иргэдийн дараах асуултад хариуллаа.
-Хятад, Монголын хил хэзээ нээгдэх вэ?
-Хоёр улсын түвшинд яригдаж байгаа асуудал учир товлосон хугацаа гэж байхгүй байна. Гэхдээ хүнс, барааны хомсдол үүсэхгүй гэдгийг мэдэгдэж байна. Эрээний хил хаагдсан учир нарийн ногоо тасарсан. Мөн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж хил дээр саатсан асуудал ч бий. Зохицуулалтыг яаралтай хийж ажиллана.
-Ерөнхий боловсролын сургууль танхимаар бүрэн хичээллэх боломжтой юу?
-Одоогийн байдлаар 100 хувь танхимаар хичээллэх боломжгүй. Судалж байгаа хэдий ч танхим, цахим хосолсон хэлбэрээр орох нь илүү оновчтой гэж харж байна.
-"Спутник" вакцины татан авалт ойрын хугацаанд хийгдэх үү?
-Ойрын хугацаанд татан авах боломжгүй гэдгийг ОХУ-аас мэдээлсэн. Учир нь Орос өөрийн орны иргэдээ ч вакцинд бүрэн хамруулж чадаагүй байгаа юм.
-Гуравдугаар тунг албадлагаар хийх нь зөв үү?
-Албадлагаар хийж байна гэж харах нь буруу. Нөхцөл байдлаас шалтгаалж яаравчлах хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа.
–Covid-19-өөр өвдсөн хүмүүст эмийн багц олгож байгаа юу?
-Харъяа өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа.