Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаатай холбогдуулан өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өглөө.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оюутан цэрэг хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх талаар мэдээллээ. Тэрээр "Ирэх жил буюу 2022 оны гуравдугаар сарын 1-нээс оюутан цэрэг бүртгэж эхэлнэ. Ковидийн цар тахлын улмаас Оюутан цэрэг хөтөлбөр хоёр жил зогссон. Оюутан цэрэгт оюутан залуус нэг зуны хугацаанд хамрагддаг. Ирэх оны дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хугацаанд оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжинэ. Мөн энэ оны цэрэг татлагыг хавар зохион байгуулаагүй, өнгөрсөн аравдугаар сард явуулсан. Энэ жилийн тухайд цэрэг татлагын үеэр ковидийн шинжилгээ авч байсан боловч ангид очсон 200 гаруй цэргээс халдвар илэрч цэргийн ангийн эмнэлэг дээр тусгаарлан эмчилж байгаа. Биеийн байдлыг нь харгалзан үзэн тангараг өргөхөөс өмнө заримыг нь цэргийн албанаас хална. Энэ жилийн цэрэг татлагаар ковидийн халдвар авсан иргэдэд уушгины нарийвчилсан үзлэг оношилгоог хийн уушгиндаа үлдэцтэй залуусыг цэргийн албанд татаагүй.
Мөн ангид очсон алба хаагчдад цар тахлын нөхцөлд тодорхой хугацаанд ямар ачаалал өгөхөө тооцон анхаарч ажиллана гэлээ.