Засгийн газар ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гаргасан. Хотын дарга Д.Сумъяабазар есдүгээр сарын 20-нд нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээнэ гэж мэдэгдэж байв. Улсын Онцгой комисс (УОК) есдүгээр сарын 27-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй, баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээ хийхгүй байх шийдвэр гаргасан. Тодруулбал, Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах шийдвэр гаргасан.
Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж буй.