Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны Улсын төсвийн төсөлд суулгасан томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаасаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Тэрбээр, 2022 онд улсын төсөвт төсийн хөрөнгөөр 2020 оны эхлүүлсэн зам барилгын ажлуудад 285.6 тэрбум, шинээр төлөвлөсөн ажлуудыг оролцуулбал 449.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Үүний:
- 140 тэрбум нь 2021 онд эхэлж, 2022 онд үргэлжлэх ажлууд байна.
- 196 тэрбум нь шинэ бүтээн байгуулалтын ажил. Үүнд, Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил, аялал жуулчлалын бүс нутаг руу зам барих ажлууд багтсан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Нутгийн зам” төсөл 2022 онд эхэлнэ. Хүн амын суурьшил ихтэй буюу 5000-аас дээш хүн амтай, үйлдвэрлэл хөгжих боломжтой, ургац болон хүнсний ногоо тариалдаг сумдыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох юм. Жишээлбэл, Төв аймгийн Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын зам нь улаанбуудай, хүнсний ногоо тээвэрлэх 124.4 км гол зам барих ажилд 115.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
- 14.7 тэрбум төгрөгөөр 898 метр есөн гүүр барина. Мөн нисэх буудлуудыг өргөтгөх, шинээр барьж, ашиглалтад оруулах ажлуудыг 2022 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөө танилцуулав. Тухайлбал, 2022 онд Хэнтий аймгийн нисэх буудал, мөн Хэнтий аймгийн Дадал суманд нисэх буудал барихаар эхлүүлсэн ажлаа ирэх онд дуусгахаар шаардлагатай санхүүжилтийг төлөвлөжээ.
Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийг Оросын хилтэй холбодог Цагааннуураас Улаанбайшинт хүртэлх 25 км авто зам барих, Дорнод аймгийн Чойбалсан сумаас БНХАУ руу нэвтрэх Хавиргын боомт хүртэлх 124 км авто зам барих ажилд эхний ээлжинд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ажлаа 2022 онд эхлүүлнэ.
Мөн Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс ОХУ руу нэвтрэх Ульхан боомт хүртэлх 117 км хатуу хучилттай авто зам барихад 10.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ зам баригдсанаар Хэнтий, Дорнод аймгийн хойд хөрштэй хил залгаа сумдуудад эдийн засгийн үр өгөөжтэй.
2022 онд аялал жуулчлалын бүс нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох хэд хэдэн ажил төлөвлөжээ. Энэ хүрээнд Бурхан халдун хайрхан руу авто зам тавья гэсэн санал эртнээс гарсан боловч төрийн тахилгат шүтээн уул руу зам тавьснаар олны хөлд талхлагдах эрсдэл бий учир хойш тавьж буйгаа Л.Халтар сайд хэлэв. Төрийн тахилгатай, олон улсын байгалийн цогцолбор
газрын бүртгэлтэй газруудыг онгон дагшин хэвээр нь хойч үедээ хадгалж үлдээх шаардлага бийг сайд онцолж байлаа.Ирэх онд Ховд, Чойбалсангийн нисэх буудлыг олон улсын 4С ангиллын нисэх буудал болгон өргөжүүлнэ. Олон улсын ямар ч ангиллын онгоц яаралтай буулт хийхэд бэлэн байлгах зорилгоор баруун, зүүн хоёр бүсийн нисэх буудлыг 2022-2023 онд өргөтгөхөөр төлөвлөсөн хэмээн 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын гол ажлуудаа товч танилцууллаа.