Импортыг орлох эх орны сүүн бүтээгдэхүүн-“Милко” брэнд
НҮБ жил бүрийн аравдугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол утга учир нь хүнсний аюулгүй байдлаас гадна улс орнууд дахь хоол тэжээлийн хүртээмжид дэлхий нийтийн анхаарлыг хандуулах үндсэн зорилготой. Үнэхээр ч хүнсний аюулгүй байдал, хүртээмжийн асуудал аль ч улсын өмнөө тавьдаг том зорилго нь байдаг. Манайд ч ялгаагүй. Сая хэд хоног шатахууны хомсдол үүсэхэд ямархуу дүр зураг нийгэмд үүсэв ээ. Хэрэв шатахуун бус хүнсний хомсдол үүссэн бол нөхцөл байдал хэрхэн хүндрэхийг бодоод үзээрэй. Covid19 цар тахлаас үүдэн Монгол Улс хилээ хаасны улмаас өндөгний нийлүүлэлт тасалдаж, хүртээмж буурахад хэрэглэгчдийн дунд ямар бухимдал үүсэж байсныг уншигч Та санаж байна уу. Олдоц нь ховордсон өндөгний төлөө урт дараалал үүсэж, олон нийтийн сүлжээ өндөг сурагласан хүмүүсийн зараар дүүрсэн байлаа. Хил хаасан өдрүүдэд бид хэд хэдэн бодит үнэнтэй нүүр тулсны нэг нь л өндөг байв. Энэ бол найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлагатайг харуулсан үйл явдал байсан.
Эндээс хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас импортлох нь тухайн үндэстний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг харж болох биз ээ. Харин манай улсад хэнээс ч хамааралгүй дотоодын хэрэгцээгээ ханган, хөгжиж буй нэг салбар бол сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдгийг энд онцолж дурдмаар байна. Гэвч саяхныг хүртэлбайдал ямар байсныг санах хүн олон байх. 70 гаруй сая толгой малтай Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүнээ бараг ихэнхийг нь гаднаас зөөж уудаг болтлоо энэ салбараас төсөөрчихсөн байлаа шүү дээ. “Молоко” гэсэн бичигтэй шар савалгаатай Оросын сүү дэлгүүрүүдийн лангууг дүүргэж, монгол үнээний сүү уух тухай ойлголт хөдөөдөө л үлдсэн байв. Энэ бол ердөө л хүн ам төвлөрсөн хэсэгт амархан мууддаг сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх “дэд бүтэц” үгүй болсонтой холбоотой. Орчин үеийн чанар, стандартад нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчид хангалттай хэмжээнд нийлүүлж чадахгүй байснаас үүдэж импортын сүү Монголын зах зээлийг эзэлчхээд байсан хэрэг. Харин одоо нөхцөл байдал тэр үеийг бодоход эрс өөрчлөгдсөн байна.
Тус салбарт хувийн хэвшлийнхний нуруун дээр боссон төслүүд л одоо танилцуулах өөдрөг статистикийг бүтээсэн байдаг. ХХАХҮЯ-ны цахим хуудаст бичсэнээр бол Монгол Улсын хүн амын сүүний бодит хэрэглээ дунджаар жилд 956.8 мянган тонн бол сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 169.4 мянган тонн байдаг аж. Тэгвэл бид 2019 оны байдлаар мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүний 69.3 хувийг л дотоодоосоо хангажээ. Энэ бол уламжлалыг шинэчлэлтэй хослуулсан үйлдвэрүүд хаалгаа нээж, сүү, сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэж чаддаг болсны үр дүн.
Ийм үйлдвэрийн нэг нь “ТЭСО” корпорацын сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд байгуулагдсан “Милко” ХХК юм. “Уламжлалыг шинэчилнэ” гэсэн уриатай тус компани өдгөө 400 гаруй ажилтантай, гурван үйлдвэртэй, зах зээлд 21 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон үндэсний үйлдвэр юм. 2009 онд байгуулагдсан тус компани зах зээлд хэдийнээтанигдсан “Зөв” аарцны ундаа, Зөв шөлний аарц, Зөв аарцан үрэл, Зөв хатаасан аарц гэсэн 4 нэр төрлийн 16 бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй дэлхийн захзээлд экспортолж байна.Мөн “Голден милк” хуурай сүү, Голден 4/1, 3/1 цай, Байгалийн зэрлэг жимсний “100” шүүс, Iberry жүүс, хүүхэд бүрийн амтархан идэх дуртай “Хаан чипс” гээд олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
“Милко” сүү, ундаа шүүсний үйлдвэр, Хуурай сүүний үйлдвэр, Кингснэйк чипсний хөнгөн зуушны үйлдвэрүүд нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох бүхий л стандартыг хангаж, эх орондоо нутагшуулж байна. 2018 онд ISO 9001, 2019 онд ISO 22000, Олон улсын эрчим хүчний удирдлагын тогтолцоо болох ISO 50001 зэрэг стандартыг нэвтрүүлсэн гэдгийг тус компанийнхан хэллээ. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлын дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудыг Монголдоо нутагшуулж чадсан байна. Өмнө нь хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн нь тодорхой бус бүтээгдэхүүн дэлгүүрийн лангууг дүүргэж байсан цагтай харьцуулахад, одоо олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг ямар ч хязгаарлалтгүйгээр авах боломжтой боллоо.
Эх орны хүнсээр импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд хүртлээ тус үйлдвэрийнхэн цаг хугацаа хийгээд санхүүгийн хувьд олон шалгуурыг давсан нь мэдээж. Импортыг орлох, экспортыг дэмжих зорилгоор үндэсний тэргүүлэгч “Голомт” банк нь “Милко” ХХК-ийн төслийг анх яригдаж эхэлсэн үеэс нь л санхүүжүүлж ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл төслийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдвэрлэсээр иржээ. Товчхондоо ямар ч бизнес хөрөнгө санхүүгийн найдвартай ар талгүйгээр урагшлахад амаргүй байдаг. Тэгвэл “Голомт” банк энэ төслийг дэмжиж, эрсдэлийг нь хамтдаа үүрэлцсэний үр дүнд “Милко” ХХК Монголын дотоодын зах зээлийн 30 хувийг хангадаг томоохон үйлдвэр болж бойжсон байна.
Анх тус төслийг эхлүүлэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал их байсан бөгөөд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн 50 хувийг “Голомт” банк санхүүжүүлжээ. Үүнээс хойш төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс одоог хүртэл үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр байгааг “Милко” ХХК-ийнхан ярьж байна. Нэг ёсондоо цаасан дээр төсөл байхаас нь дэмжсэн “Милко” зах зээлд брэнд болтлоо танигдах бүхий л хугацаанд “Голомт”-той түншилсэн аж. Үр дүнд нь импортыг орлоод зогсохгүй экспортод гарсан үндэсний брэнд бойжсон гэсэн үг.
ТЭСО группийн гүйцэтгэх захирал: С.Болор
-“Милко” компанийн үйлдвэрлэдэг “Голден милк” хуурай сүүг анхлан Казахстан, БНХАУ руу экспортод гаргаж, экспортын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол тухайн жилдээ БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж, “100” нэрс, чацарганы шүүснээс эхлээд өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ худалдаалж эхэлсэн. Монгол түмний уламжлалт идээ аарцыг инноваци шингээн үйлдвэрлэсэн “Зөв” брэндийг дэлхийн олон улсад экспортолж байна. Дэлхийд цор ганц бүтээгдэхүүн болохоор эх орноосоо хол байгаа монголчууд маань ихэд баярлан, сэтгэгдэл илгээж байгаа.
Гадаад зах зээлд ч“Милко”-гийн бүтээгдэхүүнүүдэд тавьж буй хүлээлт аль хэдийнээ бий болсныг дээрх ярианаас харж болно. Монгол орны хэмжээнд 11000 борлуулалтын сүлжээгээрээ хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхээс гадна БНХАУ, Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад байгаа нь эх орны эрүүл хүнс импортыг орлоод зогсохгүй экспортод гарч байгаагийн жишээ билээ. Эндээс л хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах бөгөөд эх орны эрүүл хүнс ямагт импортын бүтээгдэхүүнээс давуу талтайг сануулах нь зөв биз ээ.
Хүнсний аюулгүй байдал бол улсын тусгаар тогтнолтой дүйхүйц том сэдэв. Алхам, алхмаар ч болов иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах бодлого урагшилж байх нь улс үндэстний ирээдүйд хэрэгтэй зүйл. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүйтэй адил нэг, нэгээр нь асуудлаа шийдэж, үйлдвэрлэлээ сэргээж, олон улсын стандартыг нутагшуулж чадвал цаашдаа бүхий л салбар хөгжих үндэс болно.
Эх орондоо эрүүл хүнс үйлдвэрлэж буй “ТЭСО” корпорацын “Милко” компани, сайн сайхныг санхүүжүүлэн ажиллаж буй “Голомт” банкны хамтын ажиллагаа Монголоо төдийгүй дэлхийг ундаалах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болон өргөжих нь ирээдүйдээ монголчуудад бүгдэд нь ашигтай. Ядаж л бид хил хаагдлаа гээд сүү, сүүн бүтээгдэхүүн хайж явах шаардлагагүй болсон нь том амжилт юм.
Г.Хулан