ЗТХЯ-аас сар бүр хийдэг мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Энэ үеэр ЗТХ-ийн сайд УИХ-ын гишүүн Л.Халтар Тавантолгой, Чойр чиглэлийн замын асуудлаар дараах тайлбарыг өглөө. Тэрээр "Тавантолгой, Чойрын чиглэлд хийсэн нүүрс тээврийн асуудал бий. Энэ тал дээр олон хүн надтай уулзаж “мэдээлэл авъя” гэж ярьсан. Би бүгдэд нь мэдээлэл өгч байгаа. Малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь уулзаж, ажиллаад ирсэн.
Бидэнд 31 байгууллага , 450 орчим жолооч Тавантолгой, Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэх мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна гэсэн мэдээллийг ирүүлээд байна.
Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайт боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой" гэв.