УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн нөхцөл байдал, тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕПГ-т шаардлага хүргүүлэх талаар мэдээллээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Бид өчигдөр уулзсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Чинбат нар ордны гадна өлсгөлөн зарлаад буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонож байна. Гадаа хасах хэмтэй хонодог болсон энэ үед тэдэнд маш хэцүү байгаа, өөрийн амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж суулт зарлаж байна. Үүнд хэн ч анхаарлаа хандуулахгүй байна. Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг би одоогийн Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Урд хойд хөрштэйгөө хэл амаа олж, ойлголцож чадахгүй байна.
АН-ын дарга М.Тулгат: Аравдугаар сарын 5-наас эхэлж хоригдож буй тэдний биеийн байдал муудаж байхад эрх баригчид хайхрахгүй байна. Тэмцсэнийх нь төлөө дарангуйлалд өртөж байгаа тэдний эрх ашгийг бид тууштай хамгаалах болно. МУ-ын Үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хоригдсон. Тиймээс АН хуульд заасны дагуу тэднийг батлан даах хүсэлтийг хүргүүлж байна. Мөн хууль зөрчсөн гэх үйлдлийг шалган тогтоохыг УЕПГ-аас шаардаж байна. Э.Одбаярыг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан. Мөн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бус харьцсан гэсэн байсан.