Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,643 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 336,508 болж нэмэгдэв.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар. Халдварын 832 нь Улаанбаатар хотод, 811 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 7,118 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,454 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,968 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 9,372
- Хүндэвтэр- 6,757
- Хүнд – 2,308
- Маш хүнд – 349 хүн байна.