Аравдугаар сарын 14-нөөс эхлэн хүйтэрч, нойтон цас орохыг цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Цас орж халтиргаа гулгаа нэмэгддэг. Үүнтэй зэрэгцээд өвлийн дугуйны үнэ нэмэгдэж, эрэлт ихэсдэг. “Өгөөмөр” захын худалдагч нарын хэлж буйгаар жолооч нар цагийг нь тулгаж, цас орсон эхний өдрөөс л дараалал үүсгэж өвлийн дугуй эрчимтэй хайж эхэлдэг гэлээ. Урьдчилж бэлдээд өмнө нь өвлийн дугуйгаа авбал хямд байдаг гэж зөвлөлөө.
“Өгөөмөр” техникийн захад өчигдрийн байдлаар өвлийн дугуйны хувьд хэмжээнээсээ шалтгаалаад ашиглагдаж байсан приус 20 маркийн машины дугуй дунджаар 60.000-120.000 төгрөгийн үнэтэй байв. Өмнө жилийн энэ үед 25.000-60.000 төгрөгийн хооронд зарагдаж байсан. Өөрөөр хэлбэл дугуйны үнэ нэг дахин нэмэгджээ.
Энэ талаар “Өгөөмөр” захын худалдагч Н.Туяа, “Дугуйн үнэ иений ханшаас шалтгаалдаг. Хил хаасны улмаас худалдаачид өөрсдөө явж чадахгүй байгаа тул цаанаасаа өндөр үнээр ирнэ. Өмнө нь нэг сар болоод л ачаагаа авдаг байсан бол одоо 3-4 сар болж байж ирдэг болсон. Японоос ачаад ирдэг байсан бол коронагаас үүдэлтэй гацалт үүсээд эндээс явсан контейнер нь очихгүй болохоор цаанаас ачигдахгүй гээд. Энд байгаа дугуйнууд ховор болоод ирэхээр үнэ нь нэмэгддэг. Тяньжаны тээврийн зардал өмнө нь 2600 доллар байсан бол одоо 7200 доллар болтлоо өсчихсөн байна. Тяньжин дээрх гацалт тээврийн хөлс хоёр буурч байж л үнэ нь дагаад буурна даа” гэв.
Одоогоор дугуйны үнийн хувьд 95, 65, 15-ын хэмжээтэй дугуй 60.000-120.000 төгрөг бол 85, 65, 15-тай нь 40.000-60.000 төгрөгийн үнэтэй байна. Харин том оврын машины нэг дугуй 500 мянга, дөрвөн хос нь хоёр сая төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Хүмүүс ихэвчлэн Приус-20, Приус-30 маркийн машины дугуй худалдаж авч байв.
Харин шинэ дугуйны тухайд “Yokohama” компанийн өвлийн дугуй машины марк, дугуйн хэмжээнээсээ шалтгаалаад дунджаар 400-500 мянган төгрөг бол “Bridgestone” брэндийн өвлийн дугуй 300-800 мянган төгрөг байлаа.
Хүмүүс түлхүү худалдаж авдаг дөрвөн улирлын дугуйны талаар “Дугуйнууд Японоос ирдэг. Тиймээс Монголын нөхцөлд тааруулж үйлдвэрлэдэггүй. Резин нь өвөл ч гэсэн зөөлөн байж зууралдаж гулгахгүй шүү дээ. Гэтэл дөрвөн улирлын дугуйны резин өвөл хөлддөг. Хөлдсөн дугуй халтиргаа гулгаанд тэсвэргүй шүү дээ” гэж хэллээ.
Хүмүүс дөрвөн улирлын дугуйг ихээр асууж байсан учраас өөр худалдагчаас дөрвөн улирлын дугуйны талаар лавлахад “Ер нь дөрвөн улирлын дугуй гэж байдаггүй. Зун өвлийн дугуй зарагддаггүй учраас өвлийн дугуйг л дөрвөн улирлынх гэж зардаг” гэж хариуллаа.
Дугуйны үнийн хувьд ийнхүү нэг дахин нэмэгдсэн тухай худалдагчид “Манай улс машины нэг ширхэг боолтыг ч үйлдвэрлэдэггүй. Гаднаас хараат байдаг учраас үнийн хөөрөгдлийг барих боломж байхгүй. Өмнө нь өвлийн дугуй зундаа хямд зарагддаг байсан. Гэхдээ тээврийн зардал буурахгүй бол дугуйны үнэ буурахгүй” гэв.