Монголын кино институт болон АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорац Улаанбаатар хотын хувьд усны ач холбогдлыг харуулсан “Усны тухай түүхүүд” кино уралдааны ялагчдыг зарлалаа.
АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй урлаг, соёлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж хэлэхдээ “Монголын Усны Компакт гэрээ нь өндөр чанартай усны хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаатай адил "Усны тухай түүхүүд" кино уралдаан нь ч мөн өндөр чадвар бүхий кино найруулагчдыг нэмэгдүүлэхийг зорьсон.”
Ноён Мэй гурван кино найруулагчдад шагнал гардуулан Ч.Хулангийн “Амин-Эрдэнэ” богино хэмжээний киног шүүгчдийн зүгээс “Усны өнөөгийн тулгамдсан асуудал болон үлгэр домгийг, бодит зураг авалт болон хүүхэлдэйн киноны хэлбэрийг чадварлагаар нэгтгэсэн бүтээл” хэмээн дүгнээд тэргүүн байрны шагнал олгожээ.
Тусгай шагналын эзнээр Б.Санжаабалдангийн “Ус” кино шалгарч, энэхүү бүтээл нь усны хэрэглээний дадал зуршлаа өөрчлөхийг уриалсан санаагаа “ус мэт тунгалаг”, ойлгомжтой өгүүлсэнд шүүгчдийн зүгээс бүтээлийн эзэнд талархсан байна
Залуу кино найруулагчийн ангилалд М.Мандухайгийн “Талон” кино шалгарч хязгаарлагдмал нөхцөл байдлыг бүтээлчээр ашиглан орон сууц болон гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээний тэгш бус байдлыг хөндсөн агуулгаараа шагнал хүртсэн байна.
Энэхүү уралдааныг МСК-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монголын усны компакт гэрээтэй уялдуулан зохион байгуулжээ. Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг дэмжихэд шаардлагатай чухал дэд бүтцийг бий болгон Монгол Улсын хүн амын 55 гаруй хувьд эерэгээр нөлөөлөх юм.
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э. Содонтогос “Сүүлийн гуч хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өссөн боловч усны хангамж хэвээр байгаа нь усны ноцтой хомсдолд орох нөхцлийг бүрдүүлж байна” хэмээн ёслолын үеэр хэлэв.
Тэргүүн байр ялагч – “Амин эрдэнэ” – Найруулагч Ч. Хулан
Тусгай байр – “Ус” – Найруулагч Б. Санжаабалдан
Залуу кино найруулагчийн ангилал ялагч – “Талон” – Найруулагч М. Мандухай
Мянганы сорилтын корпорац нь олон улсын хөгжлийг дэмжих АНУ-ын Засгийн газрын агентлаг ба эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар дэлхийн ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг. 2004 онд байгуулагдсан МСК нь сайн засаглалыг хэрэгжүүлэх, авилгатай тэмцэх, ардчилсан эрхийг хүндэтгэх гэсэн хатуу стандартыг хангасан улс орнуудад тодорхой хугацаатай буцалтгүй тусламж болон туслалцаа үзүүлдэг.
Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ