Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий “Цусаа бэлэглэх өдөр” өнөөдө тохиож байна.
Энэ талаар “Өнөөдөр бид нар сар бүрийн 3-ны 79 дэх удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ өдөр нийт ард иргэдийн дунд цусаа өгөхийн ач холбогдол хэрэгцээ шаардлагын тал дээр тогтсон мэдээ мэдээлэл өгөх, төрийн, төрийн бус байгууллага, компани, ААН маш олон чиглэлт хандсан сургалт, сурталчилгааг хийдэг байгаа. Энэ өдөр л цусаа өгөх юм байна гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Утга учир нь цусаа өгөх нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгөхийг зорьдог өдөр. Манай төвөөс хийсэн судалгааны ажлаас үзэхэд хүн амын дунд цусны талаарх мэдлэг, хандлага дадлага 2016 онд хангалтгүй буюу өөрөөр хэлбэл 50 орчим хувьтай гарч байсан. Харин 2019 онд давтан судалгаа хийхэд энэ дүн 80 хувь руу дөхсөн. Гэхдээ л цусаа хандивлах энэ талын ойлголт ард иргэдийн дунд харьцангуй сул байна. Тийм учраас бид энэ үйл ажиллагааг явуулснаар үр дүн гарч байгааг энэ судалгааны дүн харуулж байна. Өөр нэг онцлог нь өнөөдөр бусдын төлөө энэрэнгүй сэтгэлээр цусаа бэлэглэдэг алтан доноруудыг алдаршуулах явдал байдаг. 70-аас дээш удаа цусаа хандивласан хүрэл донор, 100-аас дээш удаа өгсөн мөнгөн донор, 150-аас дээш удаа өгсөн алтан доноруудаа алдаршуулахаас гадна 10, 20, 30, 40, 50 удаа өгсөн доноруудаа бахархал тэмдгээр алдаршуулж, нийгэмд таниулах ажлыг зохион байгуулдаг. Өнөөдөр 100-аас дээш удаа цусаа хандивласан нэг мөнгөн донор, 20-50 удаа өгсөн долоон донор гээд нийт найман донорыг бид алдаршуулж байна” гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр хэллээ.