Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага Ням гарагт дэлхийн олон зуун удирдагч, тэрбумтнуудын офшор хөрөнгийг “Pandora Papers” хэмээх нэршлээр олон нийтэд дахин ил болголоо.
Эдгээр баримтууд дундаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой Монако дахь нууц хөрөнгө, алдарт дуучин Шакира, Германы супер модель Клаудиа Шиффер, ирэх долоо хоногт сонгууль нь болох Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиштэй холбоотой Франц дахь хоёр эдлэн зэрэг маш олон хүмүүсийн баримт, олны танил хүмүүсийн татвараас зугтсан баримтуудыг зарлажээ.
Тэгвэл энэ мэдээлэлд өмнө нь 2016 онд ил болсон "Panama papers"-т нэрд холбогдож байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг нэрлэсэн байна. С.Батболдын танилцуулгад "Улс төрч болохоосоо өмнө уул уурхайгаар баяжсан" хэмээн тодотгожээ.
Энэ удаа BBC, The Guardian, The Washington Post зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч “Pandora Papers”-ийг ил болгоход оролцсон. Мөн татваргүй бүсүүдэд байрлах 14 санхүүгийн компаниудаас 11,9 сая бичиг баримтыг нэгтгэж дэлхийн 90 улсын 336 улс төрч, нууц хөрөнгөтнүүдийн мэдээллийг зарлаад байгаа юм.