Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн хүнд жинд буюу 125кг-д хамгийн анхны медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа.
Тэрбээр “ТОКИО-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Норвеги улсын Осло хотод болж байна. Өчигдөр тэрбээр 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.
Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ.
Эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо