Нийслэлийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийж, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнийхээ талаар танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нэг ангиас халдвар илэрлээ гэхэд ямар арга хэмжээ авах тухай тодруулсан юм.
НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат "Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд 144 багш, 51 ажилтан, 471 сурагч халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хоёр сургууль цахим хэлбэрт бүрэн, 28 сургууль хэсэгчилсэн байдлаар цахимд шилжсэн.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан, 72 хүүхэд халдвар авсан байна. Тиймээс таван цэцэрлэг цахимд бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчилсэн цахимд шилжээд байгаа юм.
Сургалтын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зөвхөн үндсэн хичээлийг явуулж, танилцах үдэшлэг, хөгжлийн клуб, тэмцээн уралдаан, багш нарын баяр зэрэг тэмдэглэлт арга хэмжээнүүдийг зохион байгуулахгүй байх чиглэл барьж байна.
Энэ чиглэлийн дагуу НОК-оос БШУЯ-нд хандсан. Есдүгээр сарын 27-нд хуралдсан УОК-ын хурлын тэмдэглэлээр үндсэн хичээлийн хөтөлбөрөөс бусад арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн байгаа. Хоёр сайдын хамтарсан журам бий. Үүнд нэг ангиас халдвар илэрвэл тухайн бүлгийг, хоёр ангиас халдвар илэрвэл тухайн жигүүрийг, гурав болон түүнээс дээш ангиас халдвар илэрвэл тухайн сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлнэ гэсэн журамтай" гэлээ.
Мөн тэрбээр "Өдөр өнжүүлэх төвүүд тусгай шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулж байгаа" гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс