Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын долоо хоногийн нэгдсэн мэдээллийг танилцуулж байна.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
Улсын хэмжээнд 2021 оны есдүгээр сарын байдлаар ковид-19 вакцины нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 65.5 хувь байна. Өссөн дүнгээрээ 6268 жирэмсэн эмэгтэй, 6410 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд, 15-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Нэмэлт гуравдугаар тунд 306710 хүн хамрагдсан нь нийт хүн амын 9 хувь болж байна. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдээс хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 99.9 хувь нь халдвар аваагүй байна. Өөрөөр хэлбэл, 0.1 хувь нь л халдвар авсан . Халдвар авсан хүмүүс хөнгөн өвдсөн. Израиль улсад мөн ийм судалгаа гарсан байгаа. Үр дүнгийн хувьд манай улстай адилхан байна.
Вакцины гурав дахь тун бол дельта давлагаанаас хамгаалах үндсэн арга гэдэг нь нотлогдож байна. Дельта хувилбарын үед тэмцэх гол стратеги бол бусад улс орнууд ч гэсэн вакцины гурав дахь тун ба амны хаалтын шинэ дүрэм гэж тодорхойлж байгаа. Энэхүү гурав дахь тун нь сургууль цэцэрлэгийг нээлттэй байлгаж, эдийн засгаа сэргээхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Тийм учраас 18-аас дээш насны хүн бүр вакцины гурав дахь тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Аж ахуй нэгжүүд ажилчдадаа гурав дахь тундаа хамрагдахыг уриалахыг хүсье" гэлээ.