Монголын Үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Ректор Б.Мөнхбаяр нар 2021-09-29-ны өдөр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд:
- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, бэхжүүлэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг өсгөх, академик түвшний мэдлэгээр хангах, хөгжүүлэх
- Урт болон богино хугацааны, зэргийн болон зэргийн бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
- Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мэргэжлийн агент, брокер бэлтгэх
- Хамтарсан сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжлийн ном товхимол хамтран бүтээх
- Оюутнуудыг дадлага хийлгэх замаар сургалт, практикийг уялдуулах
- Хамтарсан төсөл, хөтөлбөр, зөвлөх үйлчилгээ, судалгааг хэрэгжүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбоо, LEONARD P.REAUME MEMORIAL FOUNDATION-ий дэмжлэгээр Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академиас BROKER LEADERSHIP PROGRAM төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол Үл хөдлөх Хөрөнгө Зуучлалын салбарын удирдах түвшний мэргэжилтнүүдийг чадваржуулах академик суурь сургалтын баазыг бий болгож, компанийн бодлого, засаглалыг бэхжүүлэх сайн туршлагыг танилцуулах практик хөтөлбөрийг олгож, салбарын манлайлагчдыг бэлтгэх зорилоготой юм.
Төслийн хүрээнд Санхүү эдийн засгийн их сургуулийн багш нар болон Real estate Academy of Mongolia олон улсын зэрэгтэй багш нарын 24 цагийн сургалт, хамтарсан гарын авлага боловсруулж, Монголын топ захирлуудын найман долоо хоногийн манлайллын хөтөлбөр, Брокеруудын АНХДУГААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ зохион байгуулна.