Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн дараах шийдвэрийг гаргажээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд танилцууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шинжлэх ухааны салбарт реформ хийх түүхэн шийдвэр гаргалаа.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Зарим хүрээлэн яамны харьяа, зарим нь Шинжлэх ухаан, технологийн сангийн харьяанд, үлдсэн нь их, дээд сургуулиудын харьяанд явж ирсэн. Тиймээс санхүүжилттэй холбоотой асуудлыг ил тод болгох зайлшгүй шаардлага үүсч байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангаас 4,000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилсэн байна.
Харамсалтай нь эдгээр судалгааны хэд нь шинжлэх ухааны суурь судалгаа болж чадсан бэ гэхээр хангалттай тоо харагдахгүй байна. Цөөн хэдхэн эрдэмтний судалгааг жил бүр санхүүжилдэг, ил тод бус санг цаашид нээлттэй болгож байна.
Өнгөрсөн хугацаанд энэ сан ямар байдлаар явж ирсэн бэ гэхээр, жил бүр төвлөрдөг 10-12 тэрбум төгрөгийг бүх судалгаанд буюу нэг судалгаанд 20 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг. 20 сая төгрөгөөр санхүүжүүлсэн судалгаа ямар ч үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой.
Ер нь судалгааны салбарт жил бүр хийгдэж байгаа судалгаанууд “үхлийн хөндий” гэдгийг давж гарах ёстой юм билээ. “Үхлийн хөндийг”-г давж гарах хүртэл нь тухайн судалгааг санхүүжүүлж байх ёстой. 20 сая төгрөгөөр санхүүжүүлээд орхидог тул эрдэмтдийн судалгаанууд инновац, патент болж чадахгүй байна. Бид үүнийг засаж залруулах шаардлагатай гэж харж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсад байгаа лабораторийн тооллого хийсэн. Манайд чамгүй олон гэж хэлж болох 300 гаруй лаборатори байна. Харамсалтай нь 70-80 хувь социализмын үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хийж чадаагүй тул орчин үеийн шинжлэх ухааны шаардлагад нийцэхгүй болсон байна.
Таван сая ам.долларын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болгосон лаборатори тоосонд дарагдаад байж байгаа жишээ ч байна. Тиймээс цаашид салбар дундын лабораторийг хөгжүүлэх, боловсон хүчин, урсгал зардлыг шинжлэх ухааны санхүүжилтээр шийдэж явах зарчимд шилжүүлэх шаардлага байна гэж харж байгаа.
Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн газар хулгайд маш их алдагдсан. Өнөөдрийн хуралдаанаар хүрээлэн, их, дээд сургуулийн газруудыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид хэн нэгэн хүрээлэн, их, дээд сургуулийн газарт халдахгүй.
Төрөөс судалгаа шинжилгээнд жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Гэтэл энэ зардал эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд очдоггүй. Дундаас тендерийн ченжүүд аваад, хүрээлэнгүүдээр хийлгэдэг буруу тогтолцоо байсан. Цаашид төрөөс шууд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр судалгаа шинжилгээ хийлгэдэг болох тогтолцоонд шилжихээр ажиллаж байна.
Мөн цаашид залуу эрдэмтдээ тэтгэлэгээр дэмжих, ахисан шатны сургалтын тэтгэлэг олгодог болох өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас улс орны хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг сэргээж байна. Үүнд:
- Дулааны техник технологи, экологийн хүрээлэн,
- Ой мод, сургалт судалгааны хүрээлэн,
- Технологийн инкубаторыг сэргээж байгаа бол
- Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна” гэв.