Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байгаа үед хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна.
Мөн вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна.
Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах, дархлаа дэмжих буюу гурав дахь тунд хамрагдах зохион байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг санал тавьжээ.
Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа. Мөн дельта хувилбарын тархалтын оргил үеийн хугацаанд хүндрэл, нас баралтаас сэргийлэх зорилгоор халдвар авсан иргэдийг эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр болон эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарилан ажиллуулах төлөвлөгөөнд нэн даруй тодотгол хийж, эрсдэлт бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, халдвар авсан хүүхдийн эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам тогтмол ажиллуулах, боломжит эмнэлэгт коронавируст халдварын өдрийн эмчилгээний тасаг нээх, бөөрний дутмагшмал гэсэн оноштой тогтмол хяналтад байдаг хүн халдвар авсан тохиолдолд диалезын тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулж ажиллах боломжийг судалж яаралтай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. “Сургууль-гэр-сургууль-гэр” маршрут баримталж ажиллах талаар бүх шатны боловсролын байгууллагуудад анхааруулав.