Засгийн газрын тогтоолоор “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеиг хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр урамшууллаа.
Тэрбээр саяхан ХБНГУ-аас иржээ. Түүнийг Монголын иргэншлээ солиулна гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд түгсэн.
Саид Моллаеи энэ талаар "Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, ноён Ерөнхийлөгч болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Олимпын медальтнууд болон оролцогчдын хүлээн авсан Ерөнхий сайдад талархаж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна. Өнөөдөр олимпын медальтнуудад орон сууц бэлэглэсэнд маш их баяртай байна.
Саид Моллаеи ХБНГ руу буцан ХБНГУ-ын иргэншил авах нь гэсэн худал мэдээлэл түгсэн. Үгүй ээ. Би Монголын пасспорттой, Монголын иргэн Саид Моллаеи. Монголын ард түмэнд амлахад, би Монгол Улсын иргэн Саид Моллаеи гэдгээ хэзээ ч мартахгүй. Монголын хүмүүсийн нэгэн адил л иргэн нь. Тиймээс худал мэдээлэлд битгий итгээрэй. Надад заримдаа Герман руу тодорхой ажлаар явах хэрэг гардаг.
Монголчууд надад маш их дэмжлэг, эрч хүч илгээсээр байгаа. Би хэсэгхэн хугацааны амралтын дараа буцаад бэлтгэлээ ханган 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөх болно. Монголчууддаа баярлалаа" хэмээлээ.