2021 оны наймдугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны 15 давхарт амьдардаг БНСУ-ын иргэн Х нь монгол иргэдийн халдлагад өртсөн гэх хэрэг өдгөө тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.
Хэргийн тухай тодруулбал, тухайн өдрийн 14:00 цагийн орчимд хохирогч болох БНСУ-ын иргэн Х нь 15 давхарт байрлах гэрийнхээ хаалга, цонхыг агаар сэлгэх зорилгоор нээлттэй орхисон байна. Улмаар гаднаас үл таних хоёр иргэн онгорхой хаалгаар гэрт нь нэвтэрч, биед нь халджээ. Хохирогч иргэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:
“Салхи оруулахаар онгойлгосон хаалгаар үл таних согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эрэгтэй дайрч орж ирсэн. Гэрээсээ гарах гэж оролдсон ч нэг залуу нь хоолойноос багалзуурдаж, нөгөө нь өшиглөөд намайг коридор руу шидсэн. Тэд ээлжлэн цохиж, зодон өшиглөж эхэлсэн. Би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа сэргэхэд гэртээ, тагтныхаа урд хэвтэж байсан. Сэрсэн даруйдаа тагт руугаа гарах гэхэд тэд намайг үсрэхийг завдана хэмээж үргэлжлүүлэн зодсон. Нэг нь гал тогооноос хутга авч, намайг хутгалахыг завдсан. Хутганаас бултах гэж хичээхдээ гараа гүн зүсэж гэмтээсэн. Эсэргүүцэл үзүүлж, нэгэнтэй нь зууралдаж эхлэхэд нөгөө нь гал дээр байсан далайн байцааны шөлийг бие дээр минь асгаж, түлсэн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад эргээд сэргэхэд тэд гэрийг минь онгичиж байсан. Тэр хооронд хаалгаараа амжиж гараад гялс гүйсэн. Азаар цахилгаан шат 15 дугаар давхарт ирж таарсан учир суугаад нэгдүгээр давхрын хүнсний дэлгүүрт нуугдаж, цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нэг эрэгтэйг нь барьсан ч, нөгөөхийг алдчихсан” хэмээжээ.
Хохирогч цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлэхэд "Зүүн, баруун нийт дөрвөн хавирга хугарсан, гар нь гүн зүсэгдсэн” хэмээх зүйлсийг хэлжээ. Түүнчлэн хохирогч тухайн хэргээс хойш унтаж чадахаа больсон бөгөөд сэтгэлзүйн гүн дарамтад орсон тул өөрийн улс руу явж, өдгөө сэтгэцийн зөвлөгөө авч буй нь өдгөө БНСУ-ын “KCBN news” телевизээр мэдээлжээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас уг хэргийн талаар тодруулахад, хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хэрэг үйлдсэн сэжигтэн этгээдүүдийг баривчилсан гэв.